Авлигатай Тэмцэх Газраас нүүрс, газар олголт, барилга байгууламж, допинг, ногоон автобустай холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажлын үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хоёрдугаар албаны дарга Э.Оюунболд:
-АТГ-аас автобусны худалдан авалттай холбоотой мөрдөн шалгах ажиллагааг өргөн хүрээнд явуулж байна. Нэгдүгээрт, автобус худалдан авах ажиллагаа хуулийн хүрээнд явсан эсэх, албан тушаалтнууд албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, орж ирсэн автобус чанар стандартад нийцсэн эсэх, олгосон санхүүжилт буюу нийтдээ 134,5 тэрбумын зарцуулалтыг хөөж шалгах ажиллагаа явуулж байна.
2023 оны төсвийн тухай хуульд нийтдээ 318 тэрбум төгрөгийг нийтийн тээврийн шинэчлэлд тусгаж өгсөн. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос тухайн төсвийг захиран зарцуулах эрхээ нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Улмаар Засаг даргын захирамжаар худалдан авах ажиллагааны газарт үүрэг өгсөн. Ингээд нэр бүхий албан тушаалтнууд нь холбогдох хууль тогтоомж зөрчиж, нэр бүхий автобус компанид эдийн засгийн давуу байдал олгож, стандартын шаардлага хангаагүй автобус оруулж ирсэн нөхцөл байдал тогтоогдсон.
НЗДТГ-аас Тагнуулын байгууллага руу зөвлөмж байдлаар хүссэн бичиг явуулсан байсан. Зөвлөмжийн хариуд холбогдох Сангийн яамнаас тодруулах, "Автобус худалдан авалтыг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хамаарч болно" гэдэг хариу хүргүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар 11 иргэн албан тушаалтан, 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байна. Нэр бүхий яллагдагч нарын 31 үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан. “Тэнүүн-Огоо” ХХК-ийн дансанд байсан 3,4 сая ам долларыг царцаасан. БНСУ-ын дөрвөн хүнийг яллагдагчаар татсанаас хоёр хүнийг цагдан хориод байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.