УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунай нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ.
Яллагдагч Т.Бадамжунай шүүх хуралдаанд биечлэн ирээгүй бөгөөд өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргажээ. Тэрээр есдүгээр сарын 25-ны өглөө тархиндаа цус харваж, зүүн талын гар хөл болон хэл ярианы саажилттай болсон. Улмаар эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд биеийн байдал тааруу, бусдын асрамжид байгаа тул энэ хуралдаанд биечлэн оролцох боломжгүй. Гэхдээ дараагийн хуралд оролцох хүсэлтэй байна гэжээ.
Түүний өмгөөлөгчийн зүгээс "Эрүүл мэндийн шалтгаантай тул" гэх тайлбарыг хэлж Улсын хоёрдугаар эмнэлгийн тодорхойлолт, албан бичгийг танилцуулав.
Хэргийг эргэн сануулахад Филиппинээс “Шувуу” ажиллагааны хүрээнд шилжүүлэн авсан түүнтэй хамт охин Б.Гаваагийнх нь нөхөр, ХХААХҮЯ-нд удирдах албан тушаал хашиж байсан Э.Жаргалсайхан, авлигын хэрэгт ял шийтгүүлсэн “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн захирал асан Д.Баярсайхан нарын хэргийн бүрдэл хангагдсан, эсэхийг хэлэлцэх юм.
Эл дөрвөн яллагдагчийн өмгөөлөгч Э.Туул, А.Кадирбек, Н.Мөнхбат, Ш.Цэцэгмаа, Г.Оюунцэцэг, Б.Наранбаатар нар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу ийнхүү өнөөдөр урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Бямба-Очир, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Баярсайхан нар албан тушаалаа урвуулж, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал бүхий аж ахуйн нэгжийн барьсан, Бага тэнгэрийн ам дахь орон сууцын хорооллын инженерийн дэд бүтэц буюу цахилгаан, дулаантай холбоотой зөвшөөрлийг Т.Бадамжунайгийн оролцоотойгоор шийдвэрлэж өгсөн гэж буруутгагдаж байгаа юм.
Шүүгчид яллагдагчийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан хүсэлтийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.