СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Шинжаан шинфа”-гийн эрхийг шилжүүлэхээр халдсан хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Эрүүгийн хэрэгт холбогдож байсан хүмүүс Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн эзэдтэй харилцаа холбоо тогтоож, тэдгээрийн захиалгаар ижил төрлийн бизнес эрхэлдэг болон өр төлбөртэй иргэдийг зэвсэг, зэвсгийн чанартай зүйл ашиглан дарамталдаг, сүрдүүлдэг зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн үйлдсэн хэргүүдийг ЭЦА-ны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгасан билээ.

Тэдгээрээс нэг бус хэргийг шүүх хэлэлцэхээр болсон ч яллагдагч, өмгөөлөгч нараас шалтгаалж хойшилж байна. Тухайлбал, өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Алтанхуяг, Б.Хулансамбуу тэргүүтэй 16 хүнд холбогдох зохион байгуулалттай гэмт бүлэг бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулж, түүнд элссэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл ашиглан бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан хэргийг хэлэлцэхээр товлосон ч ирэх сарын 28-ны 09.00 цаг хүртэл хойшлуулав.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ӨМӨЗО-ы харьяат Б.Эрдэнэдалай, манай улсын иргэн Т.Хүрэлжанжин, П.Оргил, Ч.Бат-Амгалан, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн, Д.Батаа нарт холбогдох хэргийг хэлэлцэхээр болсон ч энэ сарын 31-нийг хүртэл бас л хойшлуулжээ. Өвөрлөгч иргэн Б.Эрдэнэдалайгийн хувьд манай улсад нэвтрэх виз авалгүй, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дахь Хангийн боомтоор БНХАУ-аас ачуулсан буйданд бүгж, ачааны машинаар тээвэрлүүлэн орж ирсэн нэгэн. Ийнхүү хууль бусаар орж ирээд бичиг баримтаа хууль ёсных болгохын тулд хойд хилээр нэвтэрсэн гэх тамга даруулсан хэрэгтээ хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудын хамт ял шийтгүүлсэн билээ.

Харин өдгөө шүүхээр хэлэлцэхээр товлоод буй хэрэг нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжаан шинфа” ХХК-ийн 51 хувийн хувьцааг эзэмшигч Вү Жөн Жүнд 2021 оны есдүгээр сарын 7-нд халдаж, дарамтлан сүрдүүлсэн, Шадар сайдад хаягласан захидал хүргүүлэхийг завдсан гэх хэрэг. Б.Эрдэнэдалайгийн санаачилга, төлөвлөгөө, захиалгын дагуу Т.Хүрэлжанжин, Ц.Мөнхбат, А.Даваасүрэн, Д.Батаа нар уг компанийн хувьцаа эзэмшигчид хутга тулган халдаж, нэг бус удаа цохиж гэмтээн “Шинжаан шинфа” ХХК-ийг Монгол Улсын Засгийн газартай байгуулсан концессын гэрээнээс татгалзуулах тухай хуурамч албан бичигт гарын үсэг зуруулсан байдаг. Улмаар уг албан бичгээ Шадар сайдад хаяглан шууданд хийсэн байсныг хууль сахиулагчид хүлээн авагчид нь очихоос өмнө хураан авсан юм. П.Оргил, Ч.Бат-Амгалан нар концессын гэрээнээс татгалзах тухай хуурамч албан бичиг, баланк, тамга, тэмдгийг бэлтгэж өгсөн хэрэгт буруутгагдаж буй аж.

Т.Хүрэлжанжингийн тухайд БНСУ-ын иргэнтэй хамтарч Л.Чинбат, Л.Гүндалай тэргүүтэй олон айлаас эд зүйл хулгайлсан хэрэгт яллагдагчаар татагдсан хүн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.119

Хэдэн жил сууж гарч ирээд бүр л лай болно доо ийм золбин гарууд! Бараг байгалиараа шийдчихсэн нь дээр шүү! Хуулиараа олигтой ял өгөхгүй л дээ харж байгаарай. Бас хугацаанаасаа өмнө суллагдана

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.