Гашуунсухайт Ганцмодны боомтоор гарч байгаа Тавантолгойн бүлэг ордын нүүрсний экспорт их хэмжээгээр буураад байгаа. Учир нь БНХАУ-ын тал гаалийн бүртгэлийн системдээ шинэчлэл хийж байгаатай холбоотой гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Үүнийг дагаад нүүрсний экспорт өнгөрсөн
сард эрс буурсан байна. Энэ асуудлын хүрээнд Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний судалгааны хэлтсийн дарга М.Мэндбаяртай ярилцлаа.
-Өнгөрсөн сараас эхлэн Хятадын тал зарим нэг боомтуудаа хааснаас болж манай нүүрсний экспорт багассан. Одоогоор аль, аль боомтоор нүүрс гарч байгаа вэ. Сүүлийн үеийн мэдээллийг хүргэхгүй юу?
-Орон нутгийн “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой” ачилтаа зогсоосон. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 23-29-ний байдлаар Шивээ Хүрэнгийн боомтоор 321 мянган тонн нүүрс гарсан. Хангийн боомтоор гарч байгаа Айлбаянгийн нүүрсний уурхайгаас 15 мянган тонн нүүрс гарсан байна. Хөшөөтийн уурхайн нүүрсний экспорт одоогийн байдлаар зогссон. Өөрсдийнх нь хэлснээр хөрөнгө оруулагчидтайгаа үл ойлголцол үүсгэсэн юм билээ. Тэрнээс болж боомтоор
нүүрс гаргахыг нь хориглосон гэж бидэнд мэдээлсэн.
Замын-Үүдийн боомтоор 7.4 мянган тонн нүүрс гарсан байна. Бичигтийн боомтоор нүүрс гарахгүй байгаа. Энэ боомтын үйл ажиллагаа олборлолт явуулж байгаа аж ахуйн нэгжүүдтэйгээ холбоотой. Түүнээс биш хил, гаалиас болоогүй.
-Хятадын Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос нүүрс импортлохоо зогсоож буй шалтгаанаа БНХАУ руу импортоор орж ирж буй нийт нүүрсний хэмжээг тодорхойлох болон өнгөрсөн онд импортолсон нүүрсний хэмжээнээс давуулахгүй байхын тулд хэмээн тайлбарлаж байна. Энэ бодлого нь манай нүүрс гаргаж байгаа боомтуудтай хамааралтай юу?
-Ер нь бол Хятадын талаас айхтар хориг саад, хязгаарлалт тавих асуудал байхгүй юм билээ. Өвөрмонголын Баяннуур аймгийн нутагт Гашуунсухайт боомт үйл ажиллагаа явуулдаг. Тус боомтын орох, гарах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор 14 хаалга нэмж хийж байгаа. Олон улсын боомт биш учраас орон нутагтаа харьяална. Тэгэхээр Баяннуур аймгийн эрх мэдэл их байдаг юм шиг байна лээ.
Өвөрмонголын өөртөө засах орон болохоор эрх мэдэл нь өндөр байдаг. Тиймээс өөрсдийн эрх мэдлийн хүрээнд нүүрсний орох, гарах гарцыг нэмэгдүүлж байгаа юм билээ. Шинэ гарц тавьж байгаатай холбоотой орчин үеийн цахим тоноглолууд нэмэгдэж байгаа гэсэн. Биднийг наймдугаар сард очиж ажиллахад арваннэгдүгээр сарын 15-нд ашиглалтад оруулна гэж хэлж байсан. Тэгэхээр арваннэгдүгээр сарын 15-нд хаалганууд нь бэлэн болсон ч тэнд байгаа суурилуулах ёстой тоног төхөөрөмждөө тохируулга, туршилт хийгээд нэлээн хугацаа алдаад байгаа гэсэн тайлбарыг зарим эх сурвалжууд өгсөн
байна лээ. Нэг өдөр 400 орчим машин гарч байхад зарим өдөр 200 машин гарч байх жишээний. Энэ нь засвар, үйлчилгээтэй нь холбоотой гэсэн мэдээлэл
байна.
-Нөгөө талдаа улс төрийн нөхцөл байдлаас болж хилийн боомтуудыг албаар хаах тохиолдол гарч байсан шүү дээ. Энэ удаагийнх тийм зорилготой байж болох уу?
-Байхыг үгүйсгэхгүй. Гэвч цаана нь эдийн засгийн гол хөшүүрэг нөхцөл шаардлагууд юу байгааг харах хэрэгтэй. Ямар нэгэн улс төрийн шалтгаанаар
аль нэг боомтыг хаалаа гэж бодоход мөнхөд хаахгүй нь ойлгомжтой. Ямар нэгэн бараа урсаж байж л хэн хэнд нь ашгаа өгнө шүү дээ. Шууд л Монгол руу эргэж харахгүй болчихгүй л дээ.
Өнөөдөр зөвхөн Монголын машинууд яваад байгаа юм биш. Хятадын олон компани тээвэр хийж байгаа шүү дээ. Үндэсний хэмжээний бодлогоос гадна аймаг, бүс нутаг болгоны бодлого гэж байгаа. Өвөрмонгол өөртөө засах эрхтэй болохоор ямар нэгэн байдлаар бизнесийг өөрсдийн хэмжээнд хөгжүүлээд
аваад явах сонирхол байна гэж харагдаад байгаа юм. Түүнээс биш манайх шиг хэн нэг сайд нь шийдвэр гаргаад бүх зүйлийг зогсооно гэдэг асуудал
байхгүй л дээ.
-Өнгөрсөн намар болсон “Коал Монголиа” чуулга уулзалтын үеэр Хятадаас ирсэн албаны хүн “Энэ жил Монголоос 30 сая орчим нүүрс авна” гэдэг зүйл ярьсан. Одоогийн байдлаар манайх жилийн хугацаанд Хятад руу хэчнээн тонн нүүрс гаргаад байна вэ?
-Одооогийн байдлаар 32.9 сая тонн нүүрс гарчихаад байна. Гэхдээ 32.9 бол нэлээн өссөн дүн. Ер нь бол Гашуунсухайт, Шивээ Хүрэнгийн боомтоор
жилдээ 25 сая орчим нүүрс гардаг юм. Тэр багцаагаараа бодохоор хэмжээндээ л байгаад байх шиг байна. 2017 онд 48 сая тонн нүүрс экспортлосон
байдаг. Тэгээд харахаар Монголоос авах хэмжээ Хятадын үйлдвэрүүдийн хүчин чадал айхтар нэмэгдээгүй тохиолдолд нэг их өөрчлөгдөхгүй.
Нөгөө талдаа Хятадын далайн боомтуудаар орж ирж байгаа нүүрсийг хойд зүг рүүгээ тээвэрлэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр манай хилийн цаана байгаа
үйлдвэрүүдийн хэрэглээнд 25 орчим сая тонн нүүрс байхад хангалттай гэж хараад байгаа юм. 32.9 сая тонн нүүрсээс 18 сая тонн нь Гашуунсухайтаар, 12
сая тонн Шивээ Хүрэнгийн боомтоор гарчихаад байна. 2.5 сая нь бусад боомтуудаар гарсан гэдэг мэдээтэй байна.
-Оросууд Хятад руу нүүрсээ гаргахаар нэлээн эрчимтэй үзэж байгаа талаар “Коал Монголиа” чуулга уулзалтын үеэр Хятадын нэгэн судлаач хэлж байсан. 2020 гэхэд зорилгодоо хүрнэ гэдгийг хэлж байсан шүү дээ. Үнэхээр ОХУ-д байр сууриа алдах нөхцөл байдал үүсэх эрсдэл бий юу?
-Байж болох хувилбар. Гэхдээ аливаа зах зээлийн өрсөлдөөнд хамгийн гол нь үнэ байдаг. Хоёрдугаарт, тээвэртэй холбоотой зардал чухал шүү дээ. Орос хэдийгээр Хятадын нүүрсний зах зээлд гарах сонирхол өндөр байгаа боловч нэлээд тойрох хэрэг гарна. Хятадын зах зээл рүү хаагуур гарах боломж байна вэ гэхээр Монголын зүүн талаар төмөр замаар гарч болно. Эсвэл бүр далайн тээврээр гарч болно. Ингэхдээ Хятадын өмнөд зүгийн томоохон мужуудад очих юм. Тэгээд тэр нүүрсээ буцаагаад Өвөрмонгол руу оруулж ирнэ гэвэл нэлээд зардалтай. Манайх мэдээж нүүрсэндээ үнээ тогтоож чадахгүй. Зөвхөн худалдан авагчийн буюу Хятадын талын санал болгосон үнийн саналд ихэнхдээ захирагдаж байгаа шүү дээ. Тийм тохиолдолд ОХУ нүүрсээ далайгаар
тээвэрлээд хямдхан нүүрс борлуулна гэдэг магадлал багатай. Хоёрдугаарт, тийм тохиолдолд олон тээвэр, ложистик хийж их хэмжээний нүүрс оруулж
ирнэ гэдэг төвөгтэй. Тийм олон ажилбар болж нүүрс авч байхаар Монголоосоо хямдхан нүүрс авсан нь дээр гэдэг сонирхол Хятадын талд илүү байх болов уу. Тиймээс манай коксжих нүүрсний зах зээлтэй Оросууд өрсөлдөх бололцоогүй гэж бодож байна.
Хэрвээ оросууд Монголын зүүн хэсгээр төмөр замаар нүүрсээ тээвэрлэвэл, Өвөрмонголын Хөлөнбуйр, Шилийн гол аймгуудад төмөрлөгийн үйлдвэрүүд
төдийлөн сайн хөгжөөгүй байна. Тиймээс тэр хавьд коксжих нүүрсний хэрэглээ байхгүй гэж хэлж болно. Харин эрчим хүчний нүүрсний хэрэглээ бий.
Хөлөнбуйр, Шилийн гол аймгуудын зарим томоохон орд нь илчлэг муутай нүүрс гаргадаг. Тиймээс манайхаас очиж байгаа нүүрсийг хольж түлээд байх шиг байна. Эдгээр аймагт эрчим хүчний нүүрс худалдан авах эрэлт их байгаа. Хэрэв ОХУ эрчим хүчний нүүрсээ хямд тээврээр тэнд аваад очиж чадвал өрсөлдөөн үүснэ. Яагаад гэвэл манайх авто тээврээр тээвэрлэж байна. Оросууд төмөр замаар тээвэрлэж байна гэдгээрээ хямдхан очих байх. Өрсөлдөөн үүсэхийн хажуугаар манай зүүн бүсэд үйл ажиллагаа эхлүүлж байгаа эрчим хүчний буюу хүрэн нүүрсний уурхайнууд ихэвчлэн Хятадын талын хөрөнгө оруулалттай байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтаа хамгаалах сонирхол гарна шүү дээ. Тиймээс эрчим хүчний зах зээл дээр өрсөлдөөн үүслээ гэхэд юу юугүй хоосон суучих нөхцөл бүрдэхгүй гэж хараад байгаа юм.
-Манайх Хятад руу нүүрс тээвэрлэх төмөр зам тавих асуудлыг олон жил ярьсан. Үнэхээр төмөр замаа тавьчихвал жилд хэдэн тонныг гаргах боломжтой вэ?
-Төмөр замаар дамжуулаад Өвөрмонголоо алгасаад Хятадын бусад бүс нутаг руу гарах боломжтой болох болов уу. Өвөрмонголд өнөөдрийн 25 сая тонн нүүрс шингэчихнэ. Төмөр замаар яваад ирэхээр тээвэр, ложистикийн зардал хямдарч, Монголоос очиж байгаа нүүрс илүү хямдхан очих боломжтой болж байгаа юм. Өнөөдөр Монголоос очиж байгаа коксжих нүүрсийг дангаар хэрэглэж байгаа үйлдвэр гэж ер нь байхгүй.
Өөрсдийн байгаа дотоодын нүүрстэйгээ хольж, чанарыг нь сайжруулж хэрэглэж байгаа. Тиймээс сайн чанарын нүүрс Хятадын бусад мужид ороод ирэхээр
хэрэглэх сонирхол нь их байх учиртай. Баяннуур, Аршаан аймагт байгаа үйлдвэрүүд хямдхан нүүрс ахиухан аваад манай гаргаж байгаа экспортыг нэмэгдүүлж болно. Тийм биш байлаа гэхэд 240 км тээвэрлэж байгаа тээврийн зардлаа хэмнээд эргээд Хятадын дотоод төмөр зам дээр тээвэр хийх өртгөө тэрнээсээ нөхөж чадаж байвал цаад зах зээл дээрээ гарах боломж харагдаад байгаа юм.
-Хятадын Засгийн газар нүүрсний салбар дахь үр ашиггүй байдлыг арилгахаар ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ нь зөвхөн дотоодын чанар муутай нүүрстэй эсвэл хүчин чадал багатай уурхайнуудыг хамарч байгаа. Эсрэгээр сайн чанарын нүүрстэй уурхайнуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, цахилгаан станцуудад нийлүүлэхийг шахаж байгаа гэсэн. Энэ нь манайд хэрхэн нөлөөлөх вэ?
-Бидний зорилтод зах зээл бол Баяннуур, Аршаан аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төмөрлөгийн үйлдвэрүүд. Хятадын төмөрлөгийн үйлдвэр аль бүсэд нь илүү хөгжих вэ гэдгээс их зүйл хамаарна. Аль болохоор том уурхайнууд таслан зогсоох сонирхол байгаад байна. Тэгэхээр олон улсын стандартад
нийцсэн, аюулгүй ажиллагаа хангасан уурхай ажиллуулахын тулд өртөг өндөртэй нүүрс гаргах гээд байна уу гэж хараад байгаа юм. Тиймээс манайх шиг
ил уурхайгаас олборлосон нүүрсийг хямд үнээр авах сонирхол мэдээж бий. Тиймээс харин ч эерэгээр нөлөөлөх учиртай.
-Нүүрсний үнийн хувьд ямар нэгэн хөдөлгөөн байгаа юу. Ирэх жилүүдэд нүүрсний үнэ ямар байна гэж тооцож байгаа вэ?
-2016 оны сүүл 2017 оны эхээр нүүрсний үнэ ямар байх вэ гэдэг асуудал санаа зовоож байсан. Тухайн үед олон улсын судлаачид “2017 ондоо нүүрсний үнэ бага зэрэг өснө. Гэхдээ энэ өсөлт удаан үргэлжлэхгүй. Тэр хэмжээндээ тогтож, 2018 оны эхний хагас жилдээ барина” гэдэг таамаглал дэвшүүлж байсан. Тэр таамаглал биелсэн. Харин одоо 2019 оныг дуусгаад 2020 оны эхний хагаст үнэ төдийлөн айхтар уналтал орохгүй гэдэг таамаг дэвшүүлээд байгаа. Өсөх тухай магадлал муутай гэж судлаачид таамагласан байна лээ.
Зарим нэг судлаачид 2019 оны хоёрдугаар хагасаас өсөх магадлалтай гэсэн таамаг дэвшүүлсэн. Энэ төсөөлөл хэр бодитой байх вэ гэдгээс их зүйл шалтгаална. Хятадын үйлдвэрүүдийн хэрэглээ хэр өсөх нь үү, төмрийн зах зээл юу болох вэ гэдгээс их зүйл хамаарна.
2017 оны сүүл 2018 оны эхэн үед Хятадын далайн эргийн боомтуудаар байгаа төмрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд ханасан байсан. Өөрөөр хэлбэл,
ихэнх нь зарагдаагүй гэсэн үг. Удаан хугацаагаар бараа материал түгжигдвэл төмрийн ханшид нөлөөлнө. Тэрнээс хамаараад уначихгүй бол үнээ бариад л байх болов уу. Ганцмод, Шивээ хүрэнгийн боомт дээр байгаа үнэ манай гол үнэ юм. Гол нь Өвөрмонголын нүүрс худалдан авах чадвар, эрэлт хэрэгцээнээс бүх зүйл хамаарч байгаа. Ер нь эцсийн хэрэглэгч өөрөө худалдан авалт хийж байгаа тохиолдол байхгүй гэж хэлж болно. Дунд нь
тоглож байгаа тоглогчид өөрөө үнэ тогтоож байгаа. Тиймээс 70 ам.доллар ч бай, 110 ам.доллар ч бай эцсийн дүндээ нөхдүүд цаана өгдөг үнээсээ бага
байхыг л зорино шүү дээ.
У.Сарангэрэл