“Эрдэнэт үйлдвэр”-ийн Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч дарга Ж.Ганзоригт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ. Түүнийг 2021 оны гуравдугаар сараас эхлэн шалгасан бөгөөд мөрдөн байцаалтыг дуусгаж, нэг бус удаа яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлсэн ч шүүхээр эцэслэн шийдвэрлэлгүй буцаасаар байсан юм.
Ж.Ганзоригийг менежер н.Марал-Эрдэнийн хамт одоогоос хоёр жил гаруйн өмнө АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн саатуулан байцааж эхэлсэн ч орон нутгийн шүүхийнхэн нь суллаж, албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг ч шийдвэрлээгүй орхисон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчиж, бусдад давуу байдал олгон урьдчилан үгсэн тохиролцож сонгон шалгаруулалт явуулдаг байсан хэмээн тэднийг буруутгасан билээ. Өөрөөр хэлбэл, бусдад давуу байдал олгосны улмаас 257.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан. Ж.Ганзоригт Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдүүлэхээр болоод буй юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн эрх бүхий албан тушаалтнуудтай холбоотой хэргийг Орхон аймаг дахь эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцүүлэх нь шударгаар шийдэгдэнэ гэдэгт орон нутгийнхан нь эргэлздэг. Хамгийн сүүлд гэхэд дээрх үйлдвэрийн нэгдүгээр орлогч захирал, ерөнхий инженер Д.Батмөнхөд холбогдох хэргийг тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Тиймээс хэрэгт холбогдсон албан тушаалтнуудын хэргийг орон нутгийнх нь шүүхээр бус, авлигын дагнасан шүүх байгуулж, шийдвэрлүүлэх нь үр дүнтэй гэж үзэж буй билээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.