УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг нэг яаралтай горимоор хэлэлцүүлж байна. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам 534 орон тоог бий болгоход 16.4 тэрбум төгрөг нэмж тусгах шаардлагатай. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд найман тэрбум төсөвлөснийг 14 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлэх хэрэгтэй гэж ойлгож байна. Тэгэхээр энэ мөнгө тусдаа юу эсвэл 534 орон тоог нэмэгдүүлэхтэй уялдаж байна уу? Төсөвтэй холбоотой зарцуулалт маш тодорхой байх ёстой.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
-2016 онд Хүүхэд хамгааллын тухай хууль анх батлагдаж байсан. Тухайн үед энэ хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд жилд 11 тэрбум төгрөг төсөвлөх шаардлагатай гэж үзэж байсан ч энэ мөнгөнд хэзээ ч хүрч байгаагүй. Одоогийн нэмэгдэж байгаа төсөв нь 2020 оны судалгаанд үндэслэн 14 тэрбум төгрөг гэж тооцож төсөвлөсөн. 330 сум хороодод ажиллах боловсон хүчний зардал нэмэгдэж орно.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар:
-Хүүхэд хамгааллын тогтолцоо мэргэшсэн байх зарчимтай уялдсан гол бүрэлдэхүүн хэсэг нь хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтан юм. Өнөөдрийн хамтарсан багийг гол арга зүйгээр нь хангах, дэмжлэг үзүүлэх, анхан шатанд энэ ажлыг удирдан зохион байгуулах үүрэгтэйгээр хуульд нарийн тусгасан. Өмнөх хуульд процессыг нарийн тусгаагүйгээс холбогдох журам гаргаж, төсөв суулгадаггүй байсан. Хүүхдийн эрх зөрчигдвөл энэ дагуу ажиллаж, эрх хэрэгжүүлж, үүрэг хүлээн ажиллана.
НҮБ-ын Хүүхдийн сангийн гэрээт зөвлөх Б.Энхтуяа:
-Ерөнхийдөө энэ удаагийн хүүхэд хамгааллын хууль Хүүхдийн эрхийн конвенцид нийцсэн хууль болсон. Энэ хуулиар үйлчилгээг нарийвчлан заасан. Кэйс менежмент үйлчилгээг үзүүлэхгүйгээр үр дүн гарахгүй. Тиймээс энэ үйлчилгээг нарийвчлан заасан. Эцэг эх нь үнэхээр хүүхдээ харж хамгаалах боломжгүй эсвэл хүчирхийлдэг бол яах вэ гэх асуудалд хуулиар асрах гэр бүл гэх ойлголт орж ирсэн.
ХНХЯ–ны хэлтсийн дарга Н.Баярмаа:
-2017 оноос эхлээд хүүхэд хамгааллын зардал нэмэгдсэн. Үүнд тулгуурлан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар 60 хувийн төсвийг урьдчилан сэргийлэх үйлчилгээ, 40 хувийг хамгаалах үйлчилгээнд хуваарилж ирсэн. Яг энэ зардлын дүн шинжилгээтэй холбоотойгоор хүүхэд хамгааллын үйлчилгээг яаж санхүүжүүлэх вэ гэдэг эрх зүйн зохицуулалт байгаагүй. Өнгөрсөн 2017-2019 онд хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтад дүн шинжилгээг Сангийн яамтай хамтран хийхэд хүүхэд хамгааллын үйлчилгээнд төсөв бага зарцуулж, хүүхдийн хөгжил оролцоо, урьдчилан сэргийлэлтэд илүү байна. Хүүхэд хамгааллын үйлчилгээний эрх зүйн зохицуулалттай болох ёстой. Тэгээд 2021 онд хуульдаа санхүүжилтийн эрх зүйн зохицуулалтыг хийж, нийгмийн ажил үйлчилгээний 350 гаруй ажилтнуудтай ажилласан. Нэг нийгмийн ажилтны нэг цагийн хөлсөөр тооцож, санхүүжилтийн дүн шинжилгээг норматив аргачлалыг Сангийн сайд баталсан. Хүүхэд хамгааллын үйлчилгээгээ тодорхой болгох шаардлагатай гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
-Хүүхэд хамгааллын төсөл хүүхдийн амиар цочроо авч шуурхай байдлаар орж ирж байна. 2020 оноос хойш эмэгтэй гишүүд хүүхэд хамгааллын төслийг оруулж ирэх гэж нэлээн хөөцөлдсөн. Өнөөдөр ийнхүү чуулганаар орж ирж байгаад баярлаж байна. Хуульд яг ямар өөрчлөлт орж байгааг тодорхой яримаар байна. Энэ хуульд яг ямар өөрчлөлт орж байгаа талаар ерөнхий юм биш, тодорхой юм яримаар байна. Ямар онцлох, шинэ заалтууд байгаа вэ. Хоёрт, бид хүүхдийн хүчирхийлэгчдийн жагсаалтыг гаргаж, олон нийтэд гаргана хэмээсэн. Хэн хариуцах юм. Хуульд оруулсан уу. Гуравт, Ерөнхий сайд урьдчилсан сэргийлэх гэмт хэргээс сэргийлэхэд камержуулалтыг чухалчлахыг хэлсэн. Эцэст нь 2020 онд өргөн барьсан хуулийн төслийг 2023 онд ярьж байгаа энэ хугацаанд хуульд ямар өөрчлөлт орсон бэ?
Мөн эцэг эхийн хариуцлагагүй байдал гэсэн шүүмжлэл маш их байна. Өдөржингөө ажил төрлөө хийж, ажил гэж яваа хүмүүс хүүхдийнхээ хойноос анхаарахад төвөгтэй л дээ. Бусад орны жишгийг харахад аав, ээжүүдэд тусалдаг юм байна. Н.Учрал сайд харин хүүхдээ хаана явааг хянах апп боловсруулснаа танилцуулсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар:
-Хүүхэд хамгааллын хуулийн гол зүйл нь тогтолцоо юм. Тодорхой төрлийн шат шатны байгууллагууд хамаарч байгаа. Хүүхэд хамгааллын чиглэл дээр эцэг эх үүрэг хүлээнэ. Гэр бүлээс гадна сургуулийн орчинд үүсэж болох эрсдэлийг үнэлнэ. Тодорхой бүлгүүдийн үүрэг бүрийг тодорхойлж өгсөн.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд сайд Х.Булгантуяа:
-108 утас олон улсын санхүүжилтээр явдаг байсан. Тус утсанд хохирогч болох хийгээд зөвлөгөө авахаар холбогддог. Шинэлэг хэд хэдэн зүйлийг хуульд тусгасан. Аймаг, дүүргийн бүтэц нь ижил байдаг. Тиймээс кейсийн тохиолдолтой холбоотойгоор гурван жил тутамд хүүхэд хамгааллын ажилтнуудыг хуваарилдаг болно. Мөн хүүхэд хамгааллын хувийн хэрэгтэй болъё. Үе тэнгийн дээрэлхэлтийг олон улсын судалгаанд үндэслэж, хуульчилсан. Энэ мэт олон зүйл бий.
Хуульзүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:
-Мөнгө төгрөггүй учраас дутаад байна гэж хэлэхгүй. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг чангалсан. Парламент баталсан хуульдаа бат зогсох ёстой. Хүчирхийлэгчийг өөгшүүлэх хэрэг байхгүй. Тиймээс хуульд заасан арга хэмжээнүүдээ авч цаашид хэрэгжүүлэх бодолтой байна. Хуульзүй дотоод хэргийн сайдын хувьд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг нэн тэргүүнд тавьж бүтцийн өөрчлөлт хийнэ. Цахим гавд хяналт тавих ажлыг цагдаагийн байгууллага хариуцаж зохион байгуулна. Үүнийг 2024 оны төсөвт тусгах боломжтой. Цаашид төсөвтэй холбоотой судалгаа хийхэд 24 орон тоонд 1.6 тэрбум төгрөг 2024 оны төсөвт нэмэлт ачаалал үүсэх тооцоо гарсан. Эмэгтэй гишүүд камерын асуудалд онцгой анхааруулж хэлсэнд баярлалаа.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Нэг зүйлийг л асуумаар байна. Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж үг бий. Манай нийгэм хүүхдүүдэд ээлтэй юу үгүй юу гэдгийг бодох ёстой. Монгол Улс 2.8 сая интернэт хэрэглэгчтэй. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг. 300 мянга орчим бүртгэлгүй дугаар байна. Нэг хүнд ногдох хэчнээн тв, контент үйлдвэрлэгч байна вэ. Хүнээсээ их мэдээллийн замбараагүй орчинд амьдарч байна. Хүүхдүүдэд юу үзүүлж байгааг бид анхаарах ёстой. Одоо IPTV юнивишин-г хар л даа. Код солих боломжгүй, 1234 гээд л хүссэн зүйлээ үзэж байгаа нь ямар ч хяналт тавих боломжгүй.
Фэйсбүүк хяналтгүй. Хүүхдүүд цахим халдлагад өртөж байна. Дэлгэцийн хамааралтай хүүхдүүд маш их болсон. Тиймээс нийгмээ цэвэрлэх асуудлыг бодох цаг нь болсон. Үүн дээр бид юу хийх вэ. Сургуулийн орчинд хүүхдүүдийг гадаад төрх, биеийн онцлогоор нь ялгаварлан гадуурхдаг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ.
Хоёрдугаарт, эх нь хээр алаг бол унага нь шийр алаг гэдэг. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс хатуу гэж ярьдаг. Гэр бүлийн орчныг сайжруулахад онцгой анхаарах ёстой. Эхлээд Монгол хүн болох ёстой, дараа нь дэлхийн хүн болдог юм байгаа биз. Гуравдугаарт, нүгэлгүй бурхад хүүхэд юм шүү дээ. Учраа олохгүй юу ч мэдэхгүй цагаан оюуныг буртагладаг хүүхдийн эсрэг гэмт хэргийг хатуу ял оноодог байх ёстой. Бохир нийгмийг цэвэрлэх ёстой. Бэлгийн буруу чиг хандлага руу явж байгаа хүмүүсийг цэвэрлэх ёстой.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа:
-Өнөөдрийн ядруурал, ажилгүйдэл, архидалтын сүүдэр хүүхдэд тусч байна. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн 70 хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа нь тогтолцооны алдаа. Хүүхдэд ээлтэй битгий хэл том хүнд ээлгүй байна. Өнөөдөр бид энэ асуудлыг ярьж байна.
Хүүхдийг яаж эрүүл аюулгүй орчинд яаж хүн болгох вэ гэдэг нь асуудал боллоо. Дэлхийн хүн болох ч дараагийн асуудал байх.
Хуулиар хүүхдийг эрсдэлд оруулахгүй байхад урьдчилан сэргийлэх ёстой. Хүмүүжлийг багаас нь заах ёстой гэдэг. Хуульд анх удаа цахим орчны асуудлыг тусгасан.
Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал:
-Харилцаа холбооны зохицуулах хорооноос өргөн нэвтрүүлгийн телевизүүдэд тавигдах шаардлагыг тусгасан. Хүүхдийг сөрөг нөлөөллөөс хамгаалах тухайд байнгын хяналт мониторинг хийдэг. IPTV интернет үйлчилгээнд эцэг эхийн хяналт тавих тохиргоог байршуулсан. Гэхдээ эцэг эхчүүд төдийлөн ойлголтгүй байгаа бололтой. Black list.mn вэб хуудас нь бүртгэлээр Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах технологийн арга хэмжээ авдаг. Хүүхдэд үзүүлэх сөрөг мэдээллийг энэ сайт руу явуулахад хязгаарладаг. Хүүхдэд сөрөг нөлөө үзүүлэхүйц контентуудын арга хэмжээнд хяналт тавьдаг гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.