Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд үг хэллээ. Хэлсэн үгийг нь товчлон хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
-Манай Засгийн газар байгуулагдсан цагаасаа Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн 30 жилийн нийгэм, эдийн засгийн явцад бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч, шинэ 30 жилийн эхлэлийг зөв тавих суурь реформын асуудалд үндсэн анхаарлаа хандуулсаар ирлээ.
Иргэд Монголын ард түмний хагас зуун жил бүтээсэн баялгийг өмч хувьчлал нэрийн дор цэнхэр, ягаан тасалбараар хэдхэн хүн завшсан нь өнөөдрийн баян, ядуугийн ялгаа туйлдаа хүрч, нийгэм бие биенээ үзэн ядах суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.
Иргэд олон зуун жил газрын хөрснөө бий болсон байгалийн баялгийн лицензүүдийг, мөн л энгийн иргэдэд хүртээлгүйгээр, шударга бусаар хуваан залгиж, цаашлаад төрийг нь засагтай, парламенттай, шүүхтэй нь, улс төрийн намуудтай нь худалдаж авах системийн авлигын тогтолцоо бүрдсэнийг том зургаар нь бүрэн ойлгосон байна.
Өнгөрсөн 30 гаруй жилийн нийслэлийн болон байгалийн тусгай хамгаалалттай газруудад хууль бусаар цэцэглэн хөгжсөн газрын наймаа ч тэгш бус нийгмийг бий болгосон үндэс гэдгийг ч нийгэм бүхэлдээ дүгнэжээ.
Нэг үгээр хэлбэл, нийгмийн шилжилтийг далимдуулж, өмч хувьчлал, эрдэс баялгийн лиценз, газрын наймаа өнөөдрийн тэгш бус байдал, баян ядуугийн эрс ялгаа, нийгмийн бухимдлын суурийг тавьсан гэдэг нийгмийн дүгнэлт бодитоор улс даяар тогтсон байна.
Энэхүү дүгнэлт нийгэмд бүрэн төлөвшиж чадаагүй байсан тул өмч хувьчлал, байгалийн баялаг, газрын эздийн өмнө Монгол төр хүчгүйдэн сааралтаж, Засгийн газрын дундаж нас 1.5 жил байсан нь энэхүү авлигын системтэй шууд холбоотой.
Тэд тоглогчид өөрчлөгддөг ч тоглоом өөрчлөгдөхгүй гэдэг системийн авлигын дүрмээр тоглосоор Монгол Улсын 30 жилийг зөвхөн өөрсдөдөө ашигтай, ард түмэнд хүртээмжгүйгээр болгон манантуулан боолчилж чадаж байсан юм.
Олны хүч оломгүй далай гэж Монгол түмэн ярьдаг билээ. Олон түмний хүч ордны хуйвалдааныг үргэлж ялсаар ирснийг буурал түүх нотолдог билээ.
Хэрэв авлигажсан тогтолцоотой хийх энэхүү тэмцэл үр дүнд хүрч, эдийн засгийн хүртээмж нэмэгдэж, дундаж давхарга тэлэхгүй бол нийгэм өөрөө өөрийгөө засах өөрчлөлт рүү ороход нийгмийн сэтгэлзүй бүрэлдэн бий болсонд авлигын тэмцлийг сааруулж буй бүлэглэлийн гар хөл болсон шат шатны хувалзнууд, тэдний цаана байгаа эзэд нь бодит дүгнэлт хийгээсэй хэмээн хүсэж байна.
Бид өнгөрсөн гурван төсвийн жилийн бодлогын үр дүнд цар тахлыг амжилттай даван туулж, дайны хүнд үед эдийн засгийн өсөлтөө хадгалж, авлигатай хийх тэмцлээ эрчимжүүлж, далд эдийн засгийн хөшгийг хуулж, эдийн засаг хүртээмжтэйгээр тэлэх суурь нөхцөлийг бүрүүлж чадлаа.
Энэ амжилтад тулгуурлан 2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулж та бүхэнд танилцуулж байна. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв.
Улсын Их Хурлын гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, олон улсын байгууллагуудын зөвлөмжид үндэслэн Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ.
Мянганы замын их бүтээн байгуулалтын ажлыг монголчууд бид 23 жилийн дараа бүрэн хэрэгжүүлж дуусгаж чадлаа. Энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн Намбарын Энхбаярын Засгийн газар болон үргэлжлүүлсэн Ерөнхий сайд, Засгийн газар бүхэнд, оролцсон бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Мянганы зам бол Мянгуужингийн үлгэр биш харин 7000 гаруй км үргэлжилсэн бодит бүтээн байгуулалт болсон гэдгийг энэхүү төслийг бүрэн дуусгаж байгаа Засгийн газрын тэргүүний хувьд онцлон тэмдэглэж хэлэхийг хүсэж байна.
“Мянганы зам”-ын дараагийн том алхам бол “Хөдөөг сэргээх Таван тойрог зам” нь аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтай холбох төсөл билээ. Энэ төслийн хүрээнд 2024 онд багтааж, 1300 км авто замын төслийг шинээр эхлүүлэх болно.
Хөдөөгийн сэргэлтийг дэмжсэн орон сууцжуулалт, төрийн албан хаагчдын урамшууллын систем, хотын шинэ эрхзүйн орчин, тойрог хурдны зам зэрэг цогц асуудлууд 2024 оны төсвийн жилийн онцлог байх болно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.