Монголбанкнаас “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа бөгөөд Төв банкны хувьд төслийг батлагдахаас нь өмнө олон нийтэд нээлттэй танилцуулж, мэргэжлийн хүрээнийхний санал, зөвлөмжийг тусгахыг чухалчилж байна. Энэ хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх уулзалтуудыг үе шаттай зохион байгуулж, өнөөдөр /2023.10.18/ төслийг Монголын бизнесийн зөвлөлийн гишүүн бизнес эрхлэгчдэд нээлттэй танилцууллаа.
Энэ хүрээнд Монголбанк, Монголын бизнесийн зөвлөл хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн зорилго нь Монголбанк, Монголын бизнесийн зөвлөлөөс төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилан банкны салбар, бизнесийн хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, салбарын эрсдэлийг бууруулахтай холбогдох мэдээ, мэдээлэл солилцох, судалгаа, шинжилгээний хамтын ажиллагааг дэмжих хөгжүүлэхэд оршиж байна.
УИХ-аас жил бүрийн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөг холбогдох байгууллагуудаас санал авч нэгтгэн, баталдаг болсонтой холбоотойгоор Монголбанк 2024 онд баримтлан мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд заасан өөрийн үндсэн зорилт, чиг үүргийнхээ хүрээнд тодорхойлж боловсруулаад байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж, УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Монголын бизнесийн зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт нар үг хэлэв. Мөн Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир оролцогчдод “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл”-ийн төсөлд тусгагдсан заалт, зорилтуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Ирэх оны Төрийн мөнгөний бодлого нь инфляцыг тогтворжуулах замаар эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Монголбанк инфляцыг онилох мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх суурь дэд бүтцийг дараагийн шатанд гаргах замаар дунд хугацааны инфляцыг 6+/-2 нэгж хувийн интервалд тогтворжуулахаар тусгалаа.
Мөн инфляцын хүлээлтийг аргамжих, олон нийтийн төв банканд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор инфляцыг онилох мөнгөний бодлоготой нийцтэйгээр төв банкны олон нийттэй харилцах харилцааг хөгжүүлэх зорилтыг тусгаад байна. Түүнчлэн гадаадын банкны бие даасан салбар, нэгжийг дотоодын санхүүгийн салбарт оруулахад дэмжлэг үзүүлэх, банкны салбарын ногоон зээлийн үр дүнг хэмжих, тайлагнах, баталгаажуулах, их өгөгдөлд суурилсан нэгдсэн системийг хөгжүүлэх томоохон зорилтыг ч тусгав.
Инфляцын зорилтыг хангахад эдийн засгийн суурь хүчин зүйлс, Төв банкны хараат бус, бие даасан байдал, төсвийн сахилга бат, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн хэлбэлзлийг багасгах дэд бүтэц, логистикийн нөхцөл байдал ихээхэн нөлөөтэй. Иймд Төв банкны зүгээс дээрх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажиллахыг зорьж буй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.