СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НӨАТ-ын падаанаар луйвар хийсэн хүмүүсийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байсан үйлдэлд холбогдсон У.Алтанзаяа, Г.Болдбаатар, Х.Чинтуяа, Б.Ануударь, Б.Отгонтуул, Б.Пүрэвдолгор нарт холбогдох, татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэн ашигласан гэх хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр дээрх хүмүүст холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхээр болов.

Эхнэр нөхөр болох У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар цахим орчинд НӨАТ-ын падаан худалдах зар байршуулан 2017-2021 оны хооронд “Мөнх тэнгэр констракшн”, “Дөл ананд констракшн”, “Алтангадас майнинг”, “Дөл ойл”, “Имаралт зоне”, “Пи и си констракшн”, “Эй ти эс и”, “Ананд финанс” зэрэг ямар нэг үйл ажиллагаа явуулдаггүй компанийн эрхийг худалдан авч, 1537 аж ахуйн нэгжид ямар нэг бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа 187.4 тэрбум төгрөгийн үнэ бүхий 7525 ширхэг НӨАТ-ын падааныг татварын байгууллагын программд оруулж, 18.7 тэрбум гаруй төгрөгийн татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдсон юм.

Улмаар эл гэмт хэргийг үйлдэж олсон мөнгөөрөө У.Алтанзаяа, Г.Болдбаатар нар Сүхбаатар дүүргийн нутаг, 11 дүгээр хороололд хоёр орон сууц, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 1.8 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Алтан хөндий цогцолбор” хэмээх амралтын газрыг эд хөрөнгийн хамт, хүүхдүүдийнхээ нэр дээр “Рэнж ровер”, “Тоёота хариер”, “Тоёота кроун” зэрэг автомашин худалдан авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байдаг.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс У.Алтанзаяа, Г.Болдбаатар нарыг Эрүүгийн хуулийн 18.3-1, 18.6-2.2, 18.7-1 дэх хэсэгт заасан татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан гэм буруутайд тооцоод У.Алтанзаяаг эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид долоо, Г.Болдбаатарыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид таван жил хорихоор шийдвэрлэсэн билээ.

Татвар төлөхөөс зайлсхийсэн, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан гэм буруутай нь тогтоогдсон О.Отгонтуул, Б.Пүрэвдолгор, Х.Чинтуяа нарт эмэгтэйчүүдийн нээлттэй хорих ангид нэг жил зургаан сар хорих, Б.Ануударьд 5.4 сая төгрөгөөр торгох ял өнгөрсөн тавдугаар сард анхан шатны шүүх оноогоод байсан юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.