Нийслэлийн 124 дүгээр сургуулийн орчимд /2023.10.16/-ны 13:00 цагийн үед сэжигтэй дөрвөн этгээд хичээлээсээ тараад явж байсан таван сурагчийн гар утсыг хулгайлсан гэх камерын бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.
Тус хэргийг "Г" нарын дөрвөн этгээд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон, тэднээс сурагчдын хулгайд алдсан гар утсыг хураан авч, хохирогчдод хүлээлгэн өгөх, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
Халаасны хулгайн гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийн 92 хувийг гар утас эзэлж байна. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд эсэргүүцэх чадвар багатай сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь ашиглан тэдний гар утсыг хулгайлах тохиолдол бүртгэгдэж байна.
Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ үнэтэй гар утас авч өгөхгүй, зузаан хувцасны гадна халаасанд эд зүйлсээ хийхгүй байх, анхаарал болгоомжтой явах талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж сургуулийн орчимд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Тус гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ба хөл хөдөлгөөн ихтэй газруудад /сургуулийн орчим, зах, худалдааны төв, автобус/, өглөө оройны оргил цагаар анхаарал сарнисан агшинг олзолдог байна.
Мөн бага насны хүүхдүүд болон өндөр настнуудыг онцлон эд зүйлсийг нь хулгайлж, хулгайлсан эд зүйлс, гар утсыг дамлан худалдаалдаг. Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авсан /ченж гэх/ иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлж ял оноож байна.
Тиймээс хувь хүнээс эх үүсвэр нь тодорхойгүй, хямд үнээр rap утас худалдан авч байгаа нь халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг өөгшүүлж байгаагийн нэг хэлбэр гэж ЦЕГ-аас анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сургуулийн орчимд сайн дурын эргүүлүүд ажиллуулья. Сургуулийн цагдаад гарч хүмүүс анхааралтай хариуцлөгатай байя.Цэрэг эх оронч үзлийг багаас нь олгоё. Ахмад настан, балчир хүүхдүүд,эмэгтэйчүүдийг хүндэтгэж явдаг хүмүүс болгоё