Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бие даасан 61 их, дээд сургууль бий. Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын чанарын судалгааны хүрээлэн, олон улсын эрэмбэ тогтоодог “Times Higher Education” байгууллагаас аргачлалын зөвлөгөө авч хамтран ажиллан урьдчилсан байдлаар Их, дээд сургуулиудын үндэсний эрэмбэ, чансааг тогтоосон байна. Энэ талаар БШУЯ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Үнэлгээнд ажил олгогч, эцэг, эх, асран хамгаалагч, тухайн сургуулийн багш ажилтан, суралцагчид болон төгсөгчид хамрагдан сургуулийн сургалтын чанар, үйл ажиллагаа, багшийн мэдлэг, ур чадвар, үйлчилгээний чанар зэрэгт сэтгэл ханамжийн үнэлгээ өгчээ.
Их дээд сургуулиудыг сургалтын чанар, эрдэм шинжилгээний ажил, түүнд зарцуулсан санхүүжилт, гадаад харилцаа хамтын ажиллагаа, сургалтын орчин үйлчилгээ зэргээр эрэмбэлэхэд 83,5 хувиар Монгол улсын их сургууль жагсаалтыг тэргүүлж Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Монгол улсын боловсролын их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Монгол Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Эм зүйн шинжлэх ухааны их сургууль, Соёл урлагийн их сургуулиуд эхний аравт багтжээ.
БШУЯ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Эрэмбэ тогтоож буй шалтгаан нь нэгдүгээрт, олон улсын чанарын шаардлага хангасан их дээд сургуулийн тоог нэмэгдүүлэхийг зорьж буй явдал юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны их сургуультай болох алсын хараатай.
Хоёрдугаарт, сая батлагдсан Дээд боловсролын тухай хуулиар их дээд сургуулийн эрэмбэ чансааг тогтоохоор заасан. Хоёр жил тутам эрэмбийг тогтооно. Өнөөдрийн зарлаж буй эрэмбэ бол урьдчилсан үнэлгээ. Хавар үндсэн үнэлгээ зарлагдана. Намайг ажлаа анх авахад 100 орчим их дээд сургууль байсан. Түүнээс 27 их дээд сургуулийн үйл ажиллагааг зогсоосон. Нийт их дээд сургуулиудын 60 хувиас дээш үнэлгээ авч байгаа 18-хан их, дээд сургууль байна. Тавиас дээш үнэлгээтэй 30 орчим сургууль байна. Өнөөдрийн 61 их сургуулийн 50 хувь нь чанарын үнэлгээнд хүрэхгүй байна. Цаашид их сургуулийн чанарыг сайжруулах шаардлагатай. Ямар хүүхэд элсэж орох гэдэг дээр ч анхаарч, ЭЕШ-аа авах хэрэгцээ шаардлага байна. Их дээд сургууль төгсөж байгаа гурван хүүхдийн нэг нь ажлын байртай байна. Хоёр нь ажлын байргүй.
Монгол Улсад идэвхтэйгээр ажил хайж буй 20,000 залуусын гуравны нэг нь дээд боловсролын дипломтой хэрнээ ажилд орж чадахгүй байна. Ажил олгогч нарын хүсэж байгаа ур чадварыг дээд боловсролын байгууллага хангаж чадахгүй байна гэсэн дүгнэлт гарлаа. Сүүлийн жилүүдэд 38 мянган инженер техникийн ажилтнуудыг бэлтгэх хэрэгцээ шаардлага бий. Гэвч сайн мэргэжилтэн бэлтгэх их, дээд сургууль цөөн байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
50-s doosh unelgeetei, huuhded yum zaadaggui, mongiig ni avch 4 jiliig ni urdeg surguuliudaa haamaar bna