Барилга, орон сууц ашиглалтад оруулахын тулд аж ахуйн нэгжийн удирдлага нь төрийн албан хаагчдад хээл хахууль өгөх явдал байсаар.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга асан М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Жүрмэддорж нар Хан-Уул дүүргийн нутаг, Зайсанд барьсан “Алтан богд” хотхоны барилгыг улсад хүлээн авахын тулд хахууль аваад хууль сахиулах байгууллагынханд баригдсан. Тэгвэл орон нутагт ч ийм явдал гарсаар байна.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 9-13-нд эрүүгийн 832 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас наймыг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын хяналтад хүргүүлээд буй. Тэдний дунд орон сууцтай холбоотой, удирдах албан тушаалтан нь эрх мэдлээ урвуулсан хэрэг багтжээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн “Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэвээнийг албан тушаалаа ашиглаж бусдаас хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж дууссан байна. Тэрбээр орон сууцад түрээсээр амьдардаг иргэдийн төлсөн төлбөрөөс завшсан, багагүй хэмжээний хахууль авсан гэж буруутгагдаж буй юм билээ.
Эдгээрээс гадна АТГ-т Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярт барилгын компанийн захирал хахууль өгсөн хэргийг шалгаж дуусаад буй. Тус аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг “Ирксиб строй” ХХК барьж ашиглалтад оруулсан аж. Ингэхдээ эл компанийнхан холбогдох байгууллагын лабораторийн дүгнэлтээр чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр цагдаагийн алба хаагчдад зориулсан 30 айлын орон сууцын гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах улсын комисст нь өгсөн аж. Эл компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцны корпораци” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярын дансанд 10 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдсон байна.
Зургийн тайлбар: "Ирксиб строй" ХХК-ийн барьсан Төв аймгийн Цагдаагийн газрын ажилтнуудын 30 айлын орон сууц
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.