СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-16

🔴LIVE: О.Цогтгэрэл: Ирэх оны төсвийн зарлагыг 28 их наяд болгож нэмэхийг зөвшөөрөхгүй

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
6 сарын өмнө

УИХ дахь АН-ын бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар намын бүлгээс мэдээлэл хийлээ.

Бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Хуралдаанаар гурван асуудал хэлэлцэх байсан. Дээр нь МСНЭ-ийн тавьж буй шаардлагатай холбоотой асуудлыг мөн хэлэлцлээ.

Нэгдүгээрт, Монгол Улсын нэгдсэн төсөв, 2024 оны мөнгөний бодлогын асуудлыг нухацтай ярилцах ёстой гэж тогтлоо. Төв намтайгаа нийлж, ажлын хэсэг гаргаж ажиллахаар боллоо. Төсөв дээр илүү хариуцлагатай хандах талаар ярилцлаа. Төсөвтэй холбоотой асуудал их бий. Өнгөрсөн жил 2023 оны төсвийг анх удаа 20 их наядын зарлага гарна гэж тооцоолж байсан бол ирэх жилийн төсвийн зарлага 27, 28 их наяд руу орчихлоо

Нэг жилийн дотор төсвийн зарлага 30 хувь нэмэгдэх нь. Дарга нарын гарын үсгээр шийддэг зардал нэмэгдэх гэж байна. Энэ дүнгийн хүрээнд ярих зүйл асар их бий.   

Хоёрдугаарт, Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа үйлчилгээ авах тухай хууль гээд урт нэртэй хууль бий. Энэ хуулийн хүрээнд ногоон, улаан автобусыг худалдан авсан. Тус хуулийн 3.4 дүгээр заалтыг ашиглаж, төрийн нууцад авч худалдан авалт хийдэг, авлига авдаг асуудал үүссэн. Сүүлдээ төрийн нууцад ч авалгүй ТЕГ-ын зөвлөмж гэдгээр нууцад аваад төрийн худалдан авалт хийсэн. Эдгээр мөнгөн дүнгүүд нь тэрбум биш их наядаар яригдаж байна. Авлига, албан тушаалын ноцтой асуудлууд бий. Энэ хуульд өөрчлөлт оруулахад анхаарч, ажлын хэсэг гараад ажиллаж байна. Ажлын хэсгийн мэдээллийг сонссон.

Гуравдугаарт, энэ сарын 23, 24-ний өдрүүдэд АН-ын бүлгийн санаачилгаар Ерөнхий хяналтын сонсгол хийхээр төлөвлөж байна. Шууд худалдан авалтууд Ковид 19 цар тахлын үед хийгдсэн. Тав, арван их наядын худалдан авалтууд хийсэн. Аж ахуй нэгжүүдэд маш өндөр дүнтэй зээл өгсөн.

Бидний нөгөө алдартай 50 тэрбумын ЖДҮ-ийн зээлийг 2016, 2017 онуудад ярьж байлаа. Гэтэл 50 тэрбумаас 20 дахин өндөр нэг их наядын зээлийн асуудал байна. Тавин тэрбумаас 50 дахин их шууд худалдан авалтууд хийсэн. Энэ асуудлыг сонсголоор ярина. Гэтэл сонсголтой холбоотой бидэнд өгч байгаа эрх баригчдын мэдээлэл асар ерөнхий байна.

Сонсголтой холбоотой шинжээч томилж өгөөч гэдэг хүсэлт өгсөн ч, Байнгын хорооны ирц хүрээгүй гэдэг үндэслэлээр шинжээч томилж өгсөнгүй. Зохион байгуулалттайгаар мэдээллийг маш дутмаг өгч байна. Энэ асуудлыг бүлгээр ярилаа. Таван гишүүнтэй ажлын хэсэг байгууллаа.

Дөрөвдүгээрт, сэтгүүлч та бүхний тавьсан мөрдөн байцаалтын мэдээллийг олон нийтэд задруулахгүй байх гэдэг нэрийн дор хэвлэл мэдээллийн байгууллагын мэдэх эрхийг хаах, олон нийтийн мэдэх эрхэнд халдах гэж буй асуудалд бүлгийн гишүүд байр сууриа нэгтгэлээ. АН болон бүлгийн хувьд хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, мэдээлэл нээлттэй байх чиглэлд иргэний мэдэх эрхийн талд зогсох ёстой  гэсэн байр суурьтай байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.