Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэл 4,7 км замыг төсвийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулжээ. Замын нээлтийн ажиллагаа өчигдөр болж, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан оролцож, тууз хайчилсан байна.
Тус шинээр байгуулсан автозамын хажууд босгосон самбарт “Таны зорчиж буй 4.7км замыг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Таны зам” ХХК хийж гүйцэтгэлээ” хэмээжээ. Мөн тус самбарт “Санаачлагч: УИХ-ын Э.Бат-Амгалан” гэсэн байв.
Түүний энэ үйлдлийг иргэд олон нийт шүүмжлэлтэй хүлээн авсан юм. “Өөрийнхөө хөрөнгөөр барьсан биш, шоу хийж байна”, “Төсвийн хөрөнгөөр барьсан ажлыг ингэх хэрэг байна уу, хийх л ёстой ажил нь шүү дээ”, “Сонгууль ойртжээ” гэх шүүмжлэл өрнүүлжээ.
Харин УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өөрийн цахим хуудастаа нээлтийн арга хэмжээний зургуудаа байршуулж, “Амлалт хэрэгжсээр байна” хэмээн бичсэн байв.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “2020 онд Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүнээр сонгогдсон цагаас хойш дүүргийн 20-р хорооны 700 гаруй иргэдээс Гачууртын эцсээс Гялалзахын энгэр хүртэл зам тавьж өгөх хүсэлт ирүүлсэн байдаг. Ирүүлсэн санал хүсэлтийн дагуу 2021 онд тухайн 4.7км замын төсвийг улсын төсөвт суулгуулж тендер, сонгон шалгаруулалтын ажил эхэлж 2022 оны 5-р сараас шалгарсан компани ажлаа эхэлж байлаа. Тэгвэл өнөөдөр замын ажил 100% дуусч иргэдтэйгээ хамт замаа нээж, хөдөлгөөнийг эхлүүллээ” гэжээ.
Улсын төсвийн хөрөнгөөр барьсан бүтээн байгуулалтын ажлыг Э.Бат-Амгалан гишүүн ийнхүү самбар босгон “өмчлөв”.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.