Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан Малчдын өмнө тулгамдаж буй асуудлын талаарх асуулгын хариуг сонссон юм.
Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл хийв. Тэрбээр мэдээлэлдээ, мал аж ахуйн салбараас жилд дунджаар 500.0-600.0 мянган тонн мах, 15.0-20.0 сая ширхэг арьс шир, 33.0-35.0 мянган тонн ноос, 10.1 мянган тонн ноолуур, 750.0-850.0 сая литр сүү, 225.0-250.0 сая ширхэг өндөг үйлдвэрлэн 2022 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 12.6 хувийг, нийт экспортын 5.6 хувийг бүрдүүлж буйг онцоллоо.
Мөн улсын хэмжээгээр 2022 оны эцэст мал тооллогын дүнгээр 71.1 сая толгой мал тоологдож, өмнөх оноос 3.8 саяар өссөн. Мал тооллогын 2022 оны дүнгээр нийт малтай өрхийн 76.8 хувь буюу 190.8 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ бүрдүүлж байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 2.2 мянга буюу 1.2 хувиар өссөн дүнтэй гарсныг сайд мэдээлэлдээ дурдаад мал аж ахуйн салбарт 2023 онд 20.1 сая эх мал төллөж,17.8 сая төл бойжуулсан. Ингэснээр энэ оны 09 дүгээр сарын сүүлийн байдлаар 80 сая толгой мал бэлчээрлэж байна гэв.
Мөн мал аж ахуйн салбарын хөгжилд тулгамдаж буй асуудал нь малын өвчлөл, мал эмнэлгийн үйлчилгээний үнэ тарифын асуудал байдаг. Олон улсын хорио цээртэй мал, амьтны гоц халдварт өвчний тархалтаас үүдэлтэйгээр мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гадаад зах зээлд гарах нөхцөл хязгаарлагддаг. Салбарын яам малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины тарилгын хөлсийг 2023 онд нэг дахин нэмэгдүүлсэн. Ингэснээр малын вакцин, тарилга зэрэг мал эмнэлгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч малын өвчлөлийг бууруулах эерэг үр нөлөө үзүүлэх юм гэж байлаа.
Мал аж ахуй салбарын бодлогын үр дүнг тооны бус чанарын шалгуураар хэмжих зорилтыг хэрэгжүүлж байна. Засгийн газрын шийдвэрээр баруун гурван аймаг (Баян-Өлгий, Увс, Ховд) бүхэлдээ, Хөвсгөл аймаг бүтнээр нь, Булган, Дорнод, Хэнтий аймгийн зарим сумдад мал эмнэлгийн дэглэм бүхий тусгаарлагдсан эрүүл бүс байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Харин бусад аймгуудад мал бордож бэлтгэн нийлүүлэх хамгаалалттай аж ахуйнуудыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурлан байгуулах боломж бүрдүүлэх Хөдөө аж ахуйн бүсийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байна. Тусгаарлагдсан эрүүл бүс, хамгаалалттай аж ахуй байгуулахтай холбогдуулан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулахаар санал тусгаж байна. Эдгээр эрүүл бүс, тусгаарлагдсан аж ахуйнуудад бордох мал сүргийг олон улсын шаардлагын дагуу ялган тэмдэглэж бүртгэлжүүлэн түүхий эд, бүтээгдэхүүнийг мөшгих тогтолцоог бүрдүүлэх замаар гадаадад гаргах, үнийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм.
Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Засгийн газрын 2023 оны “Хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарын технологит ажлын талаар авах зарим арга хэмжээний тухай” 63 дугаар тогтоолын хүрээнд дээрх аж ахуйн нэгжүүд Мал, аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн болон хөрөнгө оруулалтын зээлд хамрагдаж байна. Тухайлбал, мах, сүү, тахианы мах, өндөг үйлдвэрлэлийн чиглэлээр 12 иргэн, аж ахуйн нэгж 29.7 тэрбум төгрөгийн зээлд хамрагдсан бөгөөд одоо үйлдвэрлэлээ өргөтгөх ажлыг хийж байна гэв.
Түүнчлэн малчдын залуу халааг бэлтгэх, дэмжих талаар төрөөс тодорхой бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай, Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчдын зарим эрх, үүргийг шинээр тодорхойлсныг тэрбээр тодотгоод Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол малчин” үндэсний хөтөлбөр нь төрийн зүгээс малчдад тулгамдсан зарим асуудлуудыг шийдвэрлэх, малчдыг мэдээллээр хангах, хөгжүүлэх, орон нутагтаа ая тухтай ажиллах, амьдрах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, бүтээмж, орлого, ашгийг нь өсгөхөд чиглэгдсэн хөтөлбөр болсон хэдий ч уг хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө, санхүүжилтийн асуудал бүрэн шийдэгдээгүй байгаатай холбоотой зарим хүндрэл үүсэж байна.
Малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үнэ хямд, өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулагдаж чадахгүй байгаа нь үнэн. Бид арьс шир, ноос ноолуурын борлуулалтыг сайжруулах чиглэлээр дараах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаа. Тухайлбал, арьс ширний боловсруулах үйлдвэрийг дотооддоо барьж байгуулан ашиглалтад оруулах хүртэл хугацаанд арьс ширийг түүхийгээр нь гадаадад гаргах боломжийг бүрдүүллээ. Мөн ноолуурын боловсруулалтын шатлалыг ахиулж угаасан бус самнасан ноолуур экспортлох зохицуулалтын арга хэмжээ авлаа. Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ноолуур бэлтгэлийн үйл ажиллагаанд 216.9 тэрбум, арьс шир бэлтгэлийн үйл ажиллагаанд 20.0 тэрбум, ноос бэлтгэлд 16.0 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгосон бөгөөд Засгийн газраас нийт зээл, зээлийн хүүгийн хөнгөлөлтийг олгосон. Ингэснээр жил бүр 25-30 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулж бэлчээрийн ачааллыг бууруулан, малчид, аж ахуй эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэн, дотоодод ажлын байрыг шинээр бий болгох боломж бүрдэнэ гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ онцлов.
Хот суурин газрын хүн амын сүүний хангамжийн сайжруулах зорилгоор өвлийн улиралд бэлтгэн нийлүүлсэн литр сүүнд 500 төгрөгийн урамшуулал олгож эхэлснээр сүү нийлүүлэлтийн хэмжээ сүүлийн гурван жилд 52 хувиар нэмэгдсэн. Бэлтгэх сүүний хэмжээг нэмэгдүүлэх, тогтвортой байдлыг хангах чиглэлээр сүүний урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэх арга хэмжээг авч байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон ухаалаг мал аж ахуйг хөгжүүлэх бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэх, байгалийн бэлчээр, усны нөөцөд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буй талаар малчдыг зохих мэдлэг, мэдээлэлтэй, хариу арга хэмжээ авах чадавхтай болгох чиглэлээр “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг, байгалийн нөөцөөс хамааралтай Ховд, Завхан, Сүхбаатар, Дорнод аймагт хэрэгжүүлж эхлээд байна.
Мэдээллийн төгсгөлд тэрбээр, Манай яам жил бүрийн бэлчээрийн даацын судалгаанд үндэслэн мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангаж отор нүүдлийн зохицуулалтыг хийж байна. Улсын тусгай хэрэгцээний нутаг буюу аймаг дундын отрын есөн бүсэд 783.3 мянган га бэлчээрт 2023-2024 онд өвөлжүүлж, хаваржуулах малын тоог тодорхойлох орон тооны бус зөвлөлийн хурлууд зохион байгуулагдаж байна. Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангасан тухай нэгдсэн дүнг 11 дүгээр сарын 20-ны дотор Засгийн газарт танилцуулах бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн юм.
Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, С.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Ц.Сандаг-Очир, Т.Аубакир, Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Б.Энх-Амгалан, Г.Ганболд нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.