Нийслэлийн Засаг даргаар Х.Нямбаатарыг өчигдөр батламжиллаа. Батламжлах үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэллээ.
Үгэн дотор үг гэдэгчлэн Ерөнхий сайд хэлсэн үгээрээ Х.Нямбаатарт нийслэлд бугшсан асуудлыг дэлбэлэх бүрэн эрхийг олгочихлоо. Нийслэл дээр гарсан бүхий л шийдвэрийг Засгийн газар болон УИХ бүхий л талаар дэмжин ажиллах болно гэдгийг Ерөнхий сайд дурдлаа. Ингээд Х.Нямбаатар Нийслэл дээр реформ хийх хэмжээлшгүй эрх мэдэлтэй нэгэн боллоо.
Ерөнхий сайдын үгэнд реформ гэдэг үг хоёронтоо дурдагджээ. Хууль зүйн сайд хийж байсан туршлага, улс төрийн манлайллаараа Улаанбаатар хотод цогц реформ хийх, тэр дундаа эрх зүйн цогц реформ хийхийг тэрбээр даалгав.
Хотын соёлын стандарт, авто тээврийн хөдөлгөөн болон жолооч нарын үүрэг хариуцлага дээшлүүлэх асуудлыг УИХ-ын намрын чуулган өндөрлөхөөс өмнө эрх зүйн хувьд бүрэн шийдвэрлүүлээрэй хэмээв. Мэдээж, агаарын бохирдол, авто түгжрэл, ногоон байгууламж, явган болон дугуйн замын стандартыг шинэчлэх асуудлыг даалгахаа мартсангүй.
Хамгийн чухал нь, авлигатай тэмцэх 5Ш ажиллагааг Нийслэл дээр хэрэгжүүлэх бүрэн эрхийг хотын шинэ даргад олголоо. Эдийн засагт гараад байгаа өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд дунд шатны авлигыг цэгцлэх, Монгол Улсын хүн амын 50 хувь нь амьдарч байгаа авлигын Нийслэл хотод өнгөрсөн 30 гаруй жилд бий болсон авлигын системийг задал гэдэг үүргийг Ерөнхий сайд өглөө.
Өнгөрсөн 30 жилийн газрын наймаа, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрөл, цаана нь нуугдаж байгаа авлигын асуудал болон албан тушаалтнууд, Сууц өмчлөгчдийн холбоо, иргэдийн зүгээс гарган тавьж буй албан тушаалтнууд, тэдний ард буй авлигачид, нэр бүхий шүүгчид, тэдний хамаарал бүхий нөхдийн хууль бус үйлдлүүд ээлж дараагаараа гарч ирэх бололтой.
Цаашилбал, сургууль, цэцэрлэгийн талбай, хороолол доторх хороолол, жуулчны отог нэртэй хаус хотхонууд, гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсүүдийг Х.Нямбаатар нэн даруй цэгцлэхээр болж байна.
"Ногоон автобус"-нуудын хэрэг явдал ч үргэлжлэх бололтой. Энэ худалдан авалтад оролцсон улс төрчид, хамаарал бүхий нөхдийн оролцоог илрүүлэн гаргаж нийтийн тээврийг олон улсын жишигт нийцүүлэн цэгцлэх, таксины стандартыг шинэчлэх шаардлага байна гэж Ерөнхий сайд үзэж байна.
Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын хөдөлгөөний голдиролыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийт нийслэлчүүдийн эрх ашиг зөрчигдөж болохгүй учир нийслэлчүүд алдагдсан ногоон байгууламж, сургууль цэцэрлэгийн газраа буцаан нэхэмжлэх эрхтэйг тэрбээр санууллаа.
Эцэст нь, өнгөрсөн 30 жилд батжин тогтоод байгаа Нийслэл дэх авлигын системийг устгахад саад болохгүй байхыг улс төрчид, тэдний гар хөл бологчид болон нийслэлийн албан тушаалтнуудад Ерөнхий сайд хатуу анхааруулсныг дурдъя.
Товчдоо, хот удахгүй бужигнаж эхлэх нь ээ. Нийслэл дэх авлигын уурхайг нэг нэгээр нь шув татаж гаргаж ирэх нь ээ. "Хичээн ажиллах болно" гэдгээ ч Х.Нямбаатар давтан давтан илэрхийлнэ лээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тэгээд өнгөрсөн 30 жидд баригдсан бүх өндөр байшингуудыг нураана гэсэн үг үү. Юу л болоод байна даа.