УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэх эсэх асуудлыг дэмжлээ.
Үүний дараа Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.
Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль нь 1994 онд батлагдаж, нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, шинээр болон шинэчлэгдэн батлагдсан хууль тогтоомжтой нийцүүлэх хүрээнд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Энэ удаад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуультай нийцүүлэн тус хуулийн үйлчлэлд хамаарах байгууллагуудын эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааг алба хаах хугацаанд оруулан тооцох, дээрх хугацаанд төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 3 талт үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.
Мөн цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батлахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг төсөлд тусгасан байна.
Түүнчлэн цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн ахмад настны тухай хуулийн 3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан насанд хүрээгүй байхдаа нас барсан тохиолдолд түүний оршуулгын зардал олгогдохгүй байгаа хуулийн хийдлийг засаж, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг тусгахаар оруулжээ.
Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах насны насны хязгаар хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох эрх зүйн зохицуулалтыг тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-18 сар гэдэг нь хэдэн төгрөг болох вэ. Жирэмсэн эмэгтэйчүүдийн тэтгэмж хэд байдаг вэ. Оршуулгын мөнгө батлагдвал хэд болох юм бэ?
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр:
-18 болгохтой холбоотой хуулийн өөрчлөлт бол хэмжээтэй холбоогүй. Офицер ахлагч нар хувь тэнцүүлсэн болон бүрэн гэсэн хоёр тэтгэвэр тогтоолгодог. Хувь хэмжээ нь харилцан адилгүй. 25 жилийн бүрэн албаа хаасан тохиолдолд бүрэн тэтгэвэр+36 сар хүртэл авна. 10 болон түүнээс дээш жил албан хаасан тохиолдолд 18 сарын тэтгэмж авдаг. Тэр нь өөрийн орлого, цалингаас хамаарч янз бүр тогтдог. Доод жишиг нь 550 мянга байгаа. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр гэдэг бол өөрөөс шалтгаалсан шалтгаанаар үүсдэг учраас харьцангуй цөөн буюу жилд 40 орчим цэргийн албан хаагч тэтгэвэр тогтоолгож байна. Бүрэн тэтгэвэр тогтоолгосон цэргийн албан хаагчийн тоо жилээс жилд өсөж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.