УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ.
Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлахын өмнө УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас гаргасан саналыг үндэслэн Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог хуралдуулах горимын саналыг дэмжлээ.
Тэрбээр, Улаанбаатар хотын агаарын бохирдолтой холбоотой гомдол санал ихээр ирлээ. Нүүрс болон газын хэрэглээтэй холбоотой гомдол ихээр ирж байна. Иймд Г.Ганболд гишүүн Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог хуралдуулах асуудлыг байнгын хороотой ярьж шийдвэрлэ гэлээ.
Үүний дараа чуулганы хуралдаанаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж эхэллээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 9.1-т “Монгол Улсын Их Хурал орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг сонгуулийн жилийн тавдугаар сарын 1-ний өдрөөс өмнө товлон зарлаж, санал авах өдрийг тогтооно” гэж заасан байдаг. Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 23 дугаар тогтоолоор аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2020 оны аравдугаар сарын 15-ны өдөр байхаар тогтоож, мөн хугацаанд ээлжит сонгууль зохион байгуулагдсан.
Түүнчлэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 82.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж хуульчилсан нь 2023 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс өмнө уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хугацааг тодорхой зааж өгсөн.
Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, тухайн нутгийн өөрөө удирдах байгууллагыг өөрсдийн төлөөллөөр бүрдүүлэх, сонгуулийг нээлттэй, хяналттай зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулахад чиглэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар боловсронгуй болгох зайлшгүй хэрэгцээ шаардлагатай юм байна.
Тухайлбал, сонгуульд оролцож буй нам, эвсэл нэр дэвшигчдээс зарцуулах зардлын хэмжээг бууруулах чиглэлээр сонгуулийн сурталчилгааны хуулиар зөвшөөрсөн арга хэлбэр түүний тоо, хэмжээг 50 хүртэл хувиар бууруулах, зардлын дээд хэмжээг тогтоохдоо сонгуулийн зардлыг бууруулах чиглэлийг баримтлах, сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах үйл ажиллаганы ил тод, хяналттай байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр сонгуульд оролцож буй нам, эвсэл, нэр дэвшигч, сонгууль зохион байгуулах үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, мониторинг хийх төрийн бус байгууллагуудын оролцоог хуульчлах. Сонгогч нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ шалгах, буруу бүртгэгдсэн тохиолдолд гомдол гаргах хэлбэрүүдийг нэмэгдүүлэх, санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын үр дүнг 100 хувь гар аргаар давхар тоолж, хяналтын тооллого хийх зэрэг сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны ил тод байдал, хяналтын нэмэгдүүлэх чиглэлийн нарийвчилсан зохицуулалтуудыг нэмж тусгах шаардлагатай аж. Иймээс эл хуулийн төслийг өргөн мэдүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.