УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.11/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцэж эхэллээ. Гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрчлөх хуулийн хугацаа нь өнгөрсөн. Тухайн сонгууль болохоос нэг жилийн өмнө хууль өөрчлөх боломжтой байдгийг зургаан сар болгож өөрчилж байна. Төрийн эрх дээд байгууллага болох УИХ хуулийн хулгай, төрийн дээрэм хийх гэж байна. Зөвхөн Улаанбаатарт хүмүүс амьдарч байгаа юм шиг шийдвэр гаргадаг аа боль! Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Сонгуулиар дамжуулж аймаг нийслэлийн эрх мэдлийг үгүйсгэх нөхцлийг бүрдүүлж байна. Хуулийг өөрчилж болохгүй гэж бүх шатны хуулинд оруулчихаад цагаа болохоор хуулинд өөрчлөх замаар хуулийг хулгайлах гэж байна.
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:
-2023 оны зургаадугаар сард Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын сонгуулийн 2024 оны хуулийг 2023.07.08-ны өдөр баталсан. Энэ өдрөөс хойш намрын чуулганаар "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг бичиж орж ирж байна. Ээлжит бус сонгууль зарлаж аймаг нийслэлийн сонгуулийн төслийг танилцуулах цаг хугацаа байгаагүй. Хаврын чуулган өндөрлөсөн тул намрын чуулганаар өргөн бариад явж байна. Би таны эсрэг байр суурьтай байна. Анхан шатанд улс төржилтийг багасгах, аймаг, нийслэл, дүүрэгт давхар нэр дэвшдэг байдлыг зогсоох, зардлыг багасгах концевцтой орж ирсэн төсөл шүү.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь:
-Орон нутагт амьдарч буй иргэд төлөөллөө сонгох эрхгүй болгох гэж байна. Орон нутаг, анхан шатны сонгуульд тийм их зардал ордоггүй. 1992 оноос хойших найман удаагийн сонгуулийн долоог туршиж үзсэн. Та нар хуулийг өөрчлөх замаар 1992 оны зарчим руу орох гэж байна. Сумын ИТХ-аас аймгийн ИТХ-ыг сонгох төлөөллийн зарчмаар тэр үед сонгуулийг хийж байсан. Энэ үр дүнгүй гээд дараагийн 7 удаагийн сонгуулийг хийгээ биз дээ.
ТББХ-ны дарга Н.Энхболд:
-Мэдээлэл залруулъя. Хуулинд зөвхөн орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэзээ батлах вэ гэх асуудлыг л ярьж байгаа болохоос орон нутгийн эрх мэдлийг булаах нэг ч үсэг байхгүй. Та хаанаас юу хараад ийм байр суурь гаргаж байгаа юм бэ? Нэг жилийг зургаан сар болгох тухай л өөрчлөлт ярьж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.