Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох зөрчлийг гэмт хэрэгт тооцдог болно. Мөн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон этгээдэд ялын дөрвөн сонголтыг өгнө гэж ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээлэв.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох зөрчлийг гэмт хэрэгт оруулахыг Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн. Ингэхдээ дөрвөн ялын сонголттойгоор гэмт хэрэгт тооцно. Үүнд
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд 1-3 жилээр эрхийг нь хасах
-450-2.7 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх
-6 сараас нэг жилээр зорчих эрхийг хязгаарлах
-6 сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх санал боловсруулсан.
Харин дахин энэ үйлдлийг гаргасан тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнд оруулахаар тооцжээ. Ингэснээр хорих ял 2 жил болж нэмэгдэнэ. Давтан гаргасан тохиолдолд ялын бодлого чангарна.
Тээврийн хэрэгслийг согтуурсан мансуурсан үедээ жолоодож хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулбал 3-5 жил, хүнд гэмтэл учруулбал 5- 8 жил, хүний амь нас хохироовол бүх насаар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасна. Гэмт хэргийн статистик мэдээлэл үүнтэй холбоотойгоор нэмэгдэнэ.
Сүүлийн таван жилийн дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жилд дунджаар 110 хүн нас барсан байна. 2023 онд энэ тоо хоёр дахин буурсан. Мөн нийт согтуугаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн статистик 2023 онд 15.8 хувиар буурсан байна. Энэ бол маш сайн үзүүлэлт. Энэ нь 2022 оны найман сарын байдлаар манай улсад архины борлуулалт анх удаа 1.3 сая литрээр буурсантай холбоотой.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн оргуулиа төлөөгүй жолооч замын хөдөлгөөнд ихээхэн оролцдог. Иймд торгуулиа хугацаандаа төлсөн жолоочийн шийтгэлийг 50 хувиар хөнгөлөх хуулийн төслийг хамт боловсруулсан. Харин торгуулиа төлөхгүй тохиолдолд тухайн жолоочийн шийтгэл нэмэгдэнэ.
Дараах долоон хязгаарлалтыг хийнэ. Үүнд:
-хяналтын үзлэг оношилгоонд оруулахгүй
-тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтооно
-жолооны үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмж өөрчлөхгүй
-тусгай зөвшөөрөл олгож, сунгахыг хязгаарлана
-тендер шалгаруулалтад оруулахгүй
-төрийн албан хаагчийн шалгалтад орохыг хязгаарлана
-Гадаад паспорт өгөхгүй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.