Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, дэд дарга С.Баярцогт нар нь АН-ын дунд шатанд хүрч ажиллаж чадахгүй, намаа хагалган бутаргах ажиллагаа явуулж байна гэж БЗД-ийн АН-ын тэргүүлэгчид мэдээлэл хийв.
Баянзүрх дүүргийн АН-ын хорооны тэргүүлэгч н.Эрдэнэсайхан:
-Төв намаас дүүргийн намын хороо буюу анхан шатны намын хорооны үүрүүд рүүгээ дайрч орж ирж байна. Л.Гантөмөр, С.Баярцогт нарыг дунд болон анхан шатны гишүүд дэмжигчидтэйгээ ирж уулзаач ээ, асуудлаа шийдэж өгөөч ээ. Хэрвээ энэ ажлыг хийж чадахгүй гэвэл ажлаа өгөөд зайлаач ээ.
Намын дунд шатны томилгоог дээрээсээ томилох гэж байгаа бол үүнийгээ намын дүрэмдээ оруулж өгөх ёстой. Өөрсдийн гар хөл болсон хүмүүсийг шууд томилох нь буруу юм. Дунд шатны байгууллагын ажилд битгий оролц.
БЗД-ийн АН-ын дүүргийн намын хорооны гишүүн н.Өлзийхорол:
-Ардчилсан намын ХЭГ-ын дарга н.Лхагвадоржид хандаж үг хэлмээр байна. Үндсэн дүрмийн хүрээнд ажлаа хийх шаардлагатай байна. Анхан болон дунд шатны намын дотоод сонгуультай холбоотой татвар хураалтын энэ үед найз нөхдийн хүрээнд БЗД-ийн АН-ын хэрэг эрхлэх газрын даргын дур мэдэн түр томилох шийдвэр гаргасан.
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр, дэд дарга С.Баярцогт нараа доод шатны хүмүүс чинь намыг хагалган бутаргах үйл ажиллагааг ихээр хийж байна. Өөрсдийн найз нөхдийн хүрээнд дүрмийн бус шийдвэр гаргаж байгааг анхаараад өгөөч ээ.
БЗД-ийн АН-ын гишүүн н.Очир:
-Ц.Жадамбаа гэх нөхөр БЗД-ийн АН-ыг төлөөлж ажиллахаар сонгогдсон. Гэтэл дүүргийн намын үйл ажиллагааг нэгтгэхийн оронд улам самарч эхэлж байна. Тэрээр нутгийн дүүгээ дүрмийн бусаар ХЭГ-ыг дарга болгосон. Дүүргийн Ардчилсан намаас савраа тат гэж хэлмээр байна.
БЗД-ийн АН-ын гишүүн:
-Баянзүрх дүүргийн Ардчилсан намын хороо дөрөвдүгээр сард хуралдаж, намын бүтэц бүрэлдэхүүнээ шинэчлэн баталсан. Намын хорооны дарга, тэргүүлэгчид шинээр томилогдон ажиллаж байгаа. Үүнийг намын дарга Л.Гантөмөр ёсчлон батламжлах ёстой. Гэсэн ч зургаан сарын хугацаанд үндсэн үүргээ биелүүлэхгүй биднийг хүлээж авахгүй, зугтаад байна. Ингэснээр дунд шатны намын үйл ажиллагааг гацаж байна.
Хагас жилийн хугацаанд бид төв намын удирдлагатай уулзъя гэсэн ч уулздаггүй. Одоо эцэстээ ардчилсан намд үүсээд байгаа асуудал нь хурцдаад дунд шатны дотоод сонгууль нь будилаантай болохоор нөхцөл байдал үүсчихээд байна. Мөн бусад аймаг, дүүргүүд хамтраад гишүүдийн эрхийг хамгаалах түр хороог байгуулан ажиллаж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.