Нүүрсний хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг сонгожээ.
Тодруулбал, хянан шалгах түр хорооны хуралдаан өчигдөр болж Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар түр хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ танилцуулсан байна. Ингэснээр гишүүдийн олонх Б.Энхбаярыг дэмжиж түр хорооны даргаар сонгожээ.
Нүүрсний сонсголыг ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогийн байдлаар шинжээч томилох ажил үргэлжилж байгаа аж.
Эргэн сануулахад УИХ-ын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог байгуулсан юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.