УИХ-ын дарга Г.Занданшатар төсвийн нээлттэй байдал, цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Нийтийн цахим өргөдөл гомдлыг хүлээн авдаг системийг нэвтрүүлнэ. Иргэдээс гурван төрлийн санал хүсэлтүүд ирсэн. Тодруулбал, Бага насны хүүхдийг хүчирхийлж, хөнөөсөн этгээдийг бүх насаар нь хорих саналыг н.Алтанцэцэг, н.Шинэцэцэг нарын иргэдээс ирүүлсэн. Үүнийг "D parlament" дээр санал авч байна.
Мөн Эрүүгийн хуулийн 6.4.12-т энэ хуульд заасан хүн төрөлхтний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт хэрэгт өршөөл уучлал үзүүлэхгүй гэсэн заалт бий. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэргийг үүнтэй адилтган үзэж, өршөөл уучлалд хамруулахгүй байх мөн хөөн хэлэлцэх хугацааг тооцохгүй байх зүйл заалт оруулъя гэж эдгээр иргэд санал гаргасан.
Хүүхэд хамгааллын төсвийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан "Сум, дүүрэг, хороонд хүүхэд хариуцсан нийгмийн ажилтан ажиллана" гэсэн заалтыг төсвөөр баталгаажуулах ёстой.
Энэ нь хүүхдүүдийг эрсдэлт орчинд амьдарч байгаа эсэхэд үнэлгээ хийх, хүүхдүүдтэй уулзах, цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй.
Түүнчлэн НӨАТ-ын буцаан олголтын хувийг нэмэгдүүлэх талаар саналыг МҮХАҮТ-ын өмнөх удирдлагууд болон CEO клубээс ирүүлсэн. "НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох МҮХАҮТ-аас ирүүлсэн саналын тооцооллыг Сангийн яамаар хийлгүүлж, мэтгэлцээн зохион байгуулна.
УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор шууд нэмэгдсэн зардал бараг байхгүй. УИХ-ын чуулганы хуралдааны сандар 50-аар нэмэгдэнэ. Үүнийг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын парламент бэлэглэх болсон. Тус улсын Үндэсний ассамблейн дарга энэ онд манайд айлчлах үеэр хоёр талын парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын хүрээнд энэ асуудлыг шийдвэрлэсэн. Энэ ондоо эсвэл ирэх оны хоёрдугаар сараас өмнө багтаад орж ирнэ. Өмнө нь мөн Лаосын тусламжаар хийж байсан.
Харин микрофон, цахим системүүд урьд нь КОЙКА-гийн тусламжаар хийгдсэн. Одоо тэр бүтээгдэхүүн нь байхгүй, шинэчлэх боломжгүй болж, хугацаа нь дууссан. Иймд цахим системийг шинэчлэх ажил олон жил яригдсанаар ирэх онд шийдэгдэх болж байна. Энэ дүн төсөвлөгдсөн байгаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.