Хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийлэлд ялын бодлогыг чангатгах чиглэлд тодорхой арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон.
Энэ асуудлаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, Хүний Эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан болон бусад хүмүүс өнөөдөр хуралдаж, бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 12-20 жилийн ял оногдуулдаг тогтолцоог 25 болгох, гэмт хэрэгтнийг магадлангаар суллах, өршөөл уучлалд хамруулахгүй байх зэрэг нэмэлт өөрчлөлтийг Эрүүгийн хуульд тусгахаар болж байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр боллоо. Мөн Гэр бүлийн тухай хуулийн төслийг тус хуралдаанаар хэлэлцэнэ.
Гэмт хэргийг богино хугацаанд илрүүлэхэд камержуулалтын нэгдсэн систем чухал байна. Иймд камержуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.
ХЭҮК-ын дарга Ж.Хунан хүүхдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн хэргийн ялын бодлогыг чангатгахыг дэмжиж буйгаа илэрхийлээд ял эдэлж, суллагдсан этгээдэд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр ажиллах шаардлагатайг мөн дурдлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.