СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-10-06

🔴 Улаанбаатар-Дархан чиглэлийн хоёр урсгал 4 эгнээ, 204 км авто замын барилгын ажлыг ирэх сард дуусна

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
6 сарын өмнө

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Улаанбаатар-Дархан чиглэлийн зам ирэх сард ашиглалтад орно хэмээн тодотгов. 

Тодруулбал, Монгол Улс нийт 14,920 км олон улсын болон улсын чанартай авто замтай.

Цар тахлын өмнө буюу 2019 оны мөн үед олон улсын болон улсын чанартай авто замд эзлэх хатуу хучилттай авто замын хэмжээ 46 хувь буюу 6,900 км байсан бол 2022 оны мөн үед 50 хувь буюу 7485 км хатуу хучилттай авто замтай болж нэмэгдсэн байна. Түүнчлэн 2023 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр улсын болон орон нутгийн чанартай 400 км, тусгай зориулалтын 220 км, нийт 660 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Авто замын салбарт 2023 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 755 км авто замын барилгын ажил, 230 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, гадаадын зээлийн санхүүжилтээр нийт 261 км авто замын барилгын ажил, мөн 201 у/м төмөрбетон гүүрийн барилгын ажил, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийт 1237 км авто замын барилгын ажил, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар нийт 265 км авто замын барилгын ажил тус тус хийгдэж байна.

Орос-Хятадыг хатуу хучилттай авто замаар холбосон Азийн авто замын сүлжээний АН-4 замын Монгол Улсын баруун бүсээр дайран өнгөрсөн баруун босоо тэнхлэгийн 745 км замыг ашиглалтад бүрэн орууллаа. Энэхүү босоо тэнхлэгийн авто зам нь Монгол Улсыг урд, хойд хөрш, Ази Европтой холбосон Азийн авто замын сүлжээнд холбогдсон 2 дахь коридор болж байна. Саяхан уг чиглэлд БНХАУ болон ОХУ-тай хамтран гурван улсын туршилтын ачаа тээвэрлэлтийг зохион байгуулж, транзит тээврийг эхлүүллээ.

Манай улсын автозамын гол сүлжээ болох Азийн автозамын АН-3 сүлжээний Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км авто замын барилгын ажлыг ирэх сард дуусгаж, 2 урсгал 4 эгнээ замын хөдөлгөөнийг нээнэ

Цаашид Дархан-Алтанбулаг чиглэлийн 113 км авто зам, Улаанбаатар хотоос Замын-Үүд боомт хүртэлх 718 км 2 урсгал 4 эгнээ авто замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэхдээ одоо байгаа авто замыг ашиглалтад хэвээр үлдээж, иргэдийн зорчих хөдөлгөөнд огтхон ч саад болохгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлнэ.

Мөн Монгол-Хятадын хилийн Ханги, Гашуунсухайт боомтыг хатуу хучилттай авто замаар холбох Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 477 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 250 км тусгай зориулалтын авто замын төслийг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газраас 2022 онд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дууслаа. Ингэснээр 21 аймаг, 96 сум суурин хатуу хучилттай авто замтай болоод байна.

Цаашид ШИНЭ СЭРГЭЛТИЙН ТАВАН ЦАГИРАГ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бүх аймгийн төвийг хооронд нь авто замаар холбох,  урд хойд хөрш, Ази Европыг холбосон авто замын босоо таван коридортой болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Бага илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын 3 шинэ коридорыг нэмж байгуулна.

Харин хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр, Цагааннуур-Ульхан боомтыг хөндлөн холбосон хэвтээ чиглэлийн 2 коридортой болох юм. Энэ хүрээнд Чойрыг-Мандалговьтой, Мандалговийг-Арвайхээртэй, Чойбалсанг-Баруун-Урттай, Алтайг-Улиастайтай, Ховдыг-Улаангомтой, Өлгийг-Улаангомтой, Улиастайг-Мөрөнтэй, Мөрөнг-Цэцэрлэгтэй, Улиастайг- Ховдтой гэх мэтээр аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбосон хатуу хучилттай авто замууд барина. 

Энэ бүхний үр дүнд манай улс аймгийн төвүүдээ төдийгүй Ази Европыг холбосон авто замын 5 коридортой болно. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.