Чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхэд хамгааллын асуудлаарх мэдээлэл сонсох, хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хэлсэн үгэнд эгдүүцэв.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Бид нар нийгмээрээ нэг зүйлийг зөв ойлгоомоор байна. Ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг. Ганц хоёр өдрийн сенсааци болоод загасны ой санамжтай баймааргүй байна. Сургуулийн орчинд хүүхдийн хүчирхийлэл үйлдэгдэж байгаа асуудал байгаа. Үүнийг нуухгүй. Гэхдээ бүх бурууг сургууль руу, багш нар руу чихдэг. Багш сурган хүмүүжүүлэгч хүчирхийлэгч болсон. Хамгийн ихээр хүүхдийн эрхийн мэдрэмжгүй хүмүүс болчихсон мэт бодлыг нийгэмд төрүүлж болохгүй. Үүнийг хатуу хэлж анхааруулмаар байна.
Х.Булгантуяа сайдын мэдээлэлд дурдагдлаа. Хүүхдийн хүчирхийллийн 70 хувь нь гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчид үйлдсэн байна гэж. Үнэхээр сургуулийн орчинд хүүхдийн эрх зөрчигдөөд байна уу? Тэгэхээр гэр бүлийн орчинд уу, сургуулийн орчинд уу гэдгийг зөв үнэлж цэгнэмээр байна. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Бүгдийг сургууль, багш нар руу чихэж болохгүй.
ХҮЭК-ын Ж.Хунан дарга энд сууж байна. Ж.Хунан дарга аа, багш нарын эрх зөрчигдөж байна гэдгийг бодитоор судалж үзмээр байна. Эцэг эх, асран хамгаалагчдын дарамтаас болж яаж зөрчигдөж байна гэдгийг авч үзэх бодитой нөхцөл байдал Монгол Улсад үүсчихсэн шүү. БНСУ-д хэд хэдэн багш амиа хорлосон асуудлаас болж том жагсаал цуглаан болж, эрхийг нь хамгаалах хуультай болсон.
Манай багш нар маш их ачаалалтай, дээрээс нь эцэг, эхчүүд сэтгэл санааны дарамт үзүүлдэг, доромжилдог нөхцөл байдал үүсчихсэн. Үүнээс болж багш нар сэтгэлзүйн дарамтад орж, бухимдаж байна гэсэн юм.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн хэлсэн үгэнд эгдүүцэж, хатуухан үг хэлэв.
-БШУ-ны сайд та юу яриад байна вэ? Хүүхдүүд үхэж байхад дуугарахгүй байх ёстой юм уу? Ниргэсэн хойно нь хашхирав гэх юм. Ард түмний төлөөлөгчдийн байгууллага дотоод, гадаад ямар ч асуудлыг ярих ёстой.
Эцэг, эх хүний хувьд ч гэсэн ярих ёстой асуудал. Ард түмэн шаардаж байна. Бие биедээ буруу чихээд байх юм. Хаана хаанаа ажил явахгүй, харанга дэлдэж байна. Хүүхдийн хууль эрх зүйн орчноо өөрчилж, бодлого шийдэл яръя гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.