УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүүхдийн эрхийн зөрчил, аюулгүй байдлын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хүүхэд хамгааллын хуулийг чангатгах талаар байр сууриа илэрхийллээ.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлыг өндөр түвшинд анх удаагаа ингэж ярьж байна.Сүүлийн таван жилийн байдлаар гэмт хэргийн улмаас арван хүүхэд амиа алдаж, 300 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн гэх дүн мэдээлэл байна. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаагийн нэг нь хууль зүйн хүчин зүйл буюу ялын бодлогыг чангатгах явдал юм. Энэ асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой.
Олон нийтэд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг хөрөг гаргаж огт болохгүй. Хүн болгонд уриалж хэлмээр байна. Ямарваа нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэмт үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллэхээ болих хэрэгтэй. Худлаа "хайрласан" дүр эсгэж, хүүхдийн зураг, мэдээллийг дэлгэж байгаа хүмүүс болих хэрэгтэй. Үнэн хайр чимээгүй л байдаг болохоос сенсацитай байдаггүй юм.
УИХ-д өнгөрсөн оны хавар Засгийн газраас эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлого өргөн барьсан. Үүнийг яаралтай батлах шаардлагатай.
Бага насны хүүхдийг хүчиндсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл уучлал үзүүлэхгүй, магадлангаар суллахгүй байх гэдэг хуулийн төсөл өргөн баригдсан байгаа. Мөн бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг үйлдвэл торгодог байсныг хорих ялаар солих гэсэн өөрчлөлтүүдийг өргөн барьсан. Үүнийг бас шууд баталъя гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Tsaaziin ylaa sergee