Б.ГАРЬД
Сүүлийн хэд хоногийн дуулиануудын нэг нь допингийн асуудал болов. Үнэндээ, үүнийг дуулианыг дарах төдийхнөөр ашигласан хэрэг л дээ. Зохион байгуулалттай “сошиал сэвээ” үүнийг хангалттай нотолж байгаа юм.
Гэвч ингэхдээ Монголын допингийн эсрэг байгууллага болох МОНАДА-г удирдаж ирсэн хүмүүсийг хэлмэгдүүлээд таарав. Бас допингийн энэ үйл ойлголцлоос болоод Дэлхийн допингийн эсрэг агентлаг ВАДА-гаас Монгол Улс маань чангахан шийтгэл авахаар болчихож байх шиг байна. Харамсалтай л юм.
Уг нь допингийн асуудал дээр ингэж хөнгөн хуумгай хандаж боломгүй цаг санж. Яагаад гэхээр “...Дэлхийн дүрмийг Монголд нутагшуулах” гэсэн хоёр, гуравхан хүний санаархал явсаар хүнийг ч, улсыг ч хорлосон үйл явдал болж хувирлаа.
Ер нь бол энэ допингийн асуудлыг жаахан тогтож суугаад уншиж, судалбал ойлгож түвдэх зүйл үгүй.
Товчхондоо, Монгол Улс 2007 онд Сэргээшийн эсрэг олон улсын конвенцид нэгдсэн. Энэ конвенцид нэгдсэнээр дэлхий даяарх допингийн эсрэг үйл ажиллагаанд нэгдчихсэн хэрэг. Тиймээс манай төр үүнд нийцүүлсэн хууль, дүрэм журмыг батлан гаргах үүрэг хүлээчихсэн.
Харин ВАДА-гийн зүгээс дэлхийн бүх улс оронд өөрийн төлөөллийн байгууллагаа байгуулдаг. Энэ дагуу МОНАДА-г байгуулсан. Монгол хүнд хариуцуулсан. Тэр нь ВАДА хийгээд Монголын төр хоёрын гүүр болж байх учиртай. Нэг үгээр хэлбэл, ВАДА-гаас өгсөн чиглэлийн дагуу Монголд допингийн эсрэг ажлыг хэрэгжүүлдэг.
Манай төрийг чиг үүргийн дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг БТСУХ төлөөлдөг. Гэтэл энэ хороонд МОНАДА-гийн чиг үүргийг авчихвал эрх мэдэл, өөр юу ч олж авна гэж бодсон юм, нэг тийм санаархал атгасан хоёр, гурван хүн хэдэн жилийн өмнөөс “ажиллаад” эхэлсэн. Ядахад тэд буруу ойлгоод дайраад байдаг шиг байгаа юм.
МОНАДА-гийн хийдэг ажлыг авчихвал “...Бөөн эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хүчтэй болно” гэж эндүүрээд байх шиг байна. Үгүй шүү дээ. Тэднийг өөгшүүлэхэд цагтаа “нэртэй хүний зүстэй хүү” явсан нэг нөхөр идэвхийлэн ажилладаг. Ингээд тоочоод, ил гаргаад хэлбэл хөгийн явдал бичих болно.
Хамгийн гол нь эдгээр хүмүүс Засгийн газарт тогтмол буруу мэдээлэл өгч, МОНАДА-гийн үйл ажиллагааг байнга сөрөг тайлбарлаж ирсэн. Тийм учраас Засгийн газар нөгөөх 2007 оны Конвенцод нэгдсэн үүргийг ч хэрэгжүүлж амжилгүй ирсэн байгаа юм. Тэр нь Монгол Улс сэргээшийн эсрэг конвенцийг хэрэгжүүлдэг эсэх тухай эцсийн дүгнэлттэй холбогдоно.
Ганц нэгхэн жишээ хэлэхэд, БТСУХ-нд удирдах албан тушаал хашдаг нөхдүүд тус хорооны дансаар дамждаг манай тамирчдын допингийн шинжилгээний төлбөрийг шилжүүлэлгүй байнга гацаадаг. Хоёр, гурван жил ч өнжүүлсээр ирсэн. Тэр мөнгө бол манай шигшээ багийн тамирчдын олимп, тив дэлхийн тэмцээнд оролцохдоо өгсөн шинжилгээний л төлбөр шүү дээ. Манай улс төлж, ВАДА авах ёстой төлбөр гэсэн үг.
Түүнчлэн манай буудлагын нэрт тамирчин саяхан допингийн шинжилгээнд бүдэрсэн. Түүнд БТСУХ бичиг хийж өгөхдөө “...Монгол Улсын допингийн эсрэг хууль, эрх зүйн акт бүрхэг” гээд явуулчихсан. Нэг биш гурав, дөрвөн ийм бичиг ВАДА руу явсан байдаг. Тэгээд манай тамирчин нам унасан. Шийтгүүлсэн. Нэмээд “..Монгол Улс допингтой тэмцдэггүй” гэдэг ойлголт ВАДА-д очсон. Ийм л юм.
Нөгөөтэйгүүр допингийг ингэж “улстөржүүлэх” томоохон нөхцөл нь үндэсний бөхийг энэ шалгуурт оруулсантай шууд холбоотой. Хаанаас нь ч харсан, үндэсний бөхөөс допингийн шинжилгээ авахуулах бол ерөөсөө л тэнэглэл юм.
Үндэсний бөхөөс энэ шинжилгээг авдаг болсноос хойш л допингийн шинжилгээний хэл ам гарсан. Гэтэл ВАДА-гийн МОНАДА мэргэжлийн спортын тамирчдаас шинжилгээгээ аваад, тамирчид өгөөд л, бүх зүйл ном журмаараа явдаг л байв
Нэг үгээр хэлбэл, мэргэжлийн спортынхон үндэсний бөхөөс өмнө энэ шинжилгээг өгдөг байсан. Одоо ч өгч байна. Ерөөсөө үндэсний бөхөд допингийн шинжилгээ оруулах чинь бөхчүүдэд арай л ахадсан ачаа болоод байгаа юм. Тэгээд л энэ хэрүүл ам гарч буй хэрэг. Одоо дэлхийгээр нэг спортынхон, допингийн мэргэжлийнхэн “..Танай улс тэр фестивалиа заавал шинжилгээнд хамруулах хэрэг байгаа юм уу” гээд л даапаалаад байдаг болсон. Онигоо гэдэг энэ л дээ.
Сүүлдээ энэ заваарч, улстөржөөд спортын чиглэлийн байгууллагууд хүртэл хүчээр МОНАДА руу нүд буланддаг болж байна. Хүчээр шүү. “...Танайх айлын талд байгаа юм уу” гэж дарамталж байгаад л “сөрөг бичиг” гаргуулаад авсан жишээ ч байна. Иймээс одоо жаахан ул суурьтай энэ асуудалд хандах шаардлага тулаад ирлээ. Ядаж эхлээд дарга нар маань допингийн талаар бодит ойлголтоой болох нь чухал боллоо.
Эс тэгвээс Монгол маань “цагаан туг”-нд дэндүү ойртсон. Хэдхэн унтаж босоод л Олимпийн жилтэй золгоно шүү дээ?!
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 199 (7184)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.