Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотноо өнгөрсөн сарын 24-27-нд болсон Олон улсын прокуроруудын холбоо (ОУПХ)-ны 28 дугаар чуулганд Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид оролцсоныг бид өмнө нь мэдээлсэн.
Энэ чуулганд АНУ, Англи, Швейцар, Франц, Канад, Өмнөд Солонгос, Япон зэрэг 88 улсын 409 төлөөлөгч оролцож, “XXI зуун дахь гэмт хэргийн мөн чанарын өөрчлөлт, сорилт ба хариу арга хэмжээ” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон аж. Чуулганы үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус холбооны байгууллагын гишүүнчлэлийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулснаар УЕПГ нь дэлхийн 177 орны 350 000 гаруй прокурорын төлөөлөл бүхий олон улсын сүлжээний албан ёсны “гишүүн-байгууллага” болжээ.
Тус байгууллагад элссэнээр манай прокурорын байгууллага олон улсын прокуроруудын нэгдсэн сүлжээнд орох, олон улсын эрүүгийн эрх зүйн салбарт шинэ тутам гарч буй мэдээ, мэдээллийг шуурхай солилцох, бусад улсын прокурорын байгууллагатай олон талт уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, прокурор солилцооны болон бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломж нээгдэж байна.
Мөн эл чуулганы үеэр Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Хан Мораал, холбооны гүйцэтгэх захирал Жанне Холст Хюбнер нартай уулзаж, авлигын болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг буцаах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг өргөжүүлэх, гишүүн орнуудын уулзалтыг 2024 онд Монгол Улсад зохион байгуулах саналаа илэрхийлсэн байна.
ОУПХ-ныхон Монголын Улсын прокурорын байгууллага тус холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирснийг онцлон тэмдэглээд, цаашид ерөнхий прокурорын саналыг талархан хүлээн авч, бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.