СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмгөөлөгчдийн холбоо шинэ ерөнхийлөгчөө сонгоно

Нийтэлсэн
6 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
6 сарын өмнө

Монголын өмгөөлөгчдийн холбооны их хурал энэ сарын 6-нд болж, шинэ Ерөнхийлөгчөө тодруулна. Ерөнхийлөгчийн сунгаанд дөрвөн хүн нэрээ дэвшүүлжээ. Тодруулбал, тус холбооны одоогийн ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Л.Данзанноров, өмгөөлөгч Г.Наранбаатар, Б.Баатарсайхан нар өрсөлдөнө.  Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байгаа эрхмүүдийн талаар “Хэн нь хэн бэ” онцолж байна.

Б.Оюу-Эрдэнэ нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байгаад 2020 онд тус холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдсон байдаг. Тэрбээр 1999-2003 онд Их засаг их сургууль, 2003-2005 онд Их засаг их сургуулийн магистр, 2004-2005 онд Удирдлагын академи төгсчээ.

Партнер, Эрүүгийн эрх зүйн секторын ахлагч Л.Данзанноров нь эрүүгийн талдаа мэргэшсэн өмгөөлөгч. Тэрбээр олимпын аварга Н.Түвшинбаяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчөөр ажиллаж байсан. ОХУ-ын Краснодар хотын Кубаны Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Мөн тус сургуульд магистрын зэрэг хамгаалжээ. МУИС-ийн Хууль зүйн сургуулийн докторант. Тэрбээр Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажлын хэсгийн гишүүнээр ажиллаж байсан туршлагатай.

Б.Баатарсайхан нь Монголын Өмгөөлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргаар ажилладаг. 2013 онд Өмгөөллийн “Соёмбо Легал Партнерс” ХХН-ийг байгуулсан. Тэрбээр 2001 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2008 онд Отгонтэнгэр Их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. "Жаст”-ын Ш.Батхүү, АН-ын дарга асан З.Энхболдын нүүрсний хэрэг зэрэг хэргүүдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байжээ.

Г.Наранбаатар нь 1999 онд “Их Засаг” хууль зүйн дээд сургууль, 2002 онд Батлан хамгаалахын их сургуульд магистр, 2005 онд Удирдлагын академийг төгсжээ. Улмаар  2018 онд Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан. “Их Засаг” хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш, “Ти Энд Эи” хууль зүйн фирмд дадлагажигч өмгөөлөгч, өмгөөллийн“MGL partners” ХХН-ийн зөвлөх, Монгол хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн, “Их Засаг” ОУИС-ийн Эрдмийн сургуулийн захирал, 2019 оноос “Их Засаг” ОУИС-ийн Шинжлэх Ухааны сургуулийн захирлаар ажиллаж байсан юм.

Т.САЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.