Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд нэг жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх шийдвэрийн нэг жилийн үр дүнгээ танилцууллаа.
Жилийн өмнө Монгол Улсын валютын нөөц 2.5 тэрбум ам.доллар байсан бол өнөөдөр 4.1 тэрбум ам.доллар давсан. Өөрөөр хэлбэл, өмнө жилээс даруй 1.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ.
Хоёр дахь үр дүн нь 2023 оны эхний найман сарын байдлаар манай улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болсон.
Мөн төгрөгийн ханш харьцангуй тогтвортой болсон. Өнөөдөр 3457 төгрөг болоод байна. Төгрөгийн ханш 3500 хүрч байсантай харьцуулахад буурч тогтвортой байна.
Монгол Улсын нүүрсний экспорт 47 сая тонноор нэмэгдсэн нь өнгөрсөн жилээс 28 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Зэсийн баяжмал 1.52 сая тонн байгаа нь өмнөхөөс 5 хувь, төмрийн хүдэр 33 хувиар, газрын тос 2 сая баррелиар тус тус нэмэгджээ. Эдгээр нь валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүн юм.
Тухайлбал, Ашигт малтмалын худалдан борлуулах, тээвэрлэх гэрээг бүртгэлжүүлсэн. Экспортыг гааль татварын автомат бүрдүүлэлтийн системээр хийж байгаа. Үүний үр дүнд АМНАТ-ын орлого 1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоо нэвтрүүлснээр ихээхэн давуу байдал үүсэж байна. Тухайлбал 100 ам.доллароор зарагдаж байсан нүүрс 180 ам.долларт хүрээд байна. 56 ам.доллароорр зарагдаж байсан төмрийн хүдэр 84 ам.доллар болж өссөн. Үүнээс хичнээн хэмжээний орлогыг алдаж байсан нь харагдаж байгаа юм. Ил тод байснаар бүх төрлийн орлого нэмэгдэж байна.
Түүнчлэн ашигт малтмалын борлуулалт хөрөнгө оруулалтын нууц гэрээнүүдийг ил болгож, оффтейк гэрээг хориглосон.
"Эрдэнэс Тавантолгой" ХК дээр Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилуулан ажиллуулж байна. Ингэхдээ борлуулалт, олборлолт тус тус өссөн. Мөн уурхайн ам үнээр тээврийн гэрээ байгуулдгийг байдлыг бүрэн зогсоосон.
Тал талдаа хичээвэл ирэх онд 60 сая тонн нүүрс гаргах бүрэн боломжтой гэж үзэж төсөв дээр суулгасан. Мөн төмөр замын холболтын ажлуудын гэрээ хэлцэл хийгдэж байна.
Тээврийн компанийн төлж байгаа татвар 45 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.