УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралданаар Цэцийн тавдугаар дүгнэлтийг хэлэлцжээ. Уг дүгнэлт нь Улсын ерөнхий прокурор, Улсын ерөнхий шүүгч, Цэцийн гишүүнийг томилохдоо УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчиж байна гэх агуулгатай юм. Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзжээ.
Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр:
-Төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлдэг. Улсын Их Хурал нь ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тэр ч утгаараа ард түмэнд нээлттэй, ил тод, ойлгомжтой байдлаар ажилладаг засаглал юм. Г.Занданшатар даргатай энэ УИХ Монголын парламентын түүхэнд нээлттэй, ардчилсан, ил тод байдлыг хангах чиглэлээр хувьсгал, өөрчлөлтийн шинжтэй алхмуудыг хийж байгааг бүгд мэдэж байгаа. Тэдгээрийн нэг нь нээлттэй, томилгооны сонсгол. Хаалттай байдлаар явуулдаг үе үеийн томилгоо нь шударга ёсыг өмчилдөг, “хонгил үүсдэг”, өрсөлдөгчөө намнадаг дэглэм тогтоосон.
Энэ УИХ үүнийг нураахын төлөө хүчтэй бодлого явуулсан. Үүний үр дүнд УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд УИХ-аас томилогддог 40 гаруй албан тушаалтан нээлттэй сонсголоор ордог болсон. Үүнийг Үндсэн хуулийн зөрчил гэх нь Монгол Улсын парламентын ил тод байдлыг хязгаарлах үйлдэл гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.