Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Ш.Хавылд холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь тогтоолгохоор шүүхэд шилжүүлжээ.
Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт мөрдөн байцаалтын 2703 хэрэгт хяналт тавьснаас 126-д нь яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн аж. Тэдний дунд авлига, албан тушаалын гурван хэрэг багтсан бөгөөд нэг нь дээрх албан тушаалтантай холбоотой үйлдэл гэнэ.
Ш.Хавыл нь УИХ-ын гишүүн Х.Баделханы хамаарал бүхий “Жол” компанид давуу байдал олгосон хэрэгт холбогдсон юм. Тус аймгийн Өлгий сумын IV багийн нутаг, Ховд голын эрэг дэх усан сан бүхий газраас хайрга олборлуулахаар 2019 оны зургадугаар сарын 28-нд А/481 дугаартай захирамж тэрбээр гаргасан аж. Уг нь холбогдох мэргэжлийн байгууллагаас голын голдирол, усны сан бүхий газраас түгээмэл тархацтай ашигт малтмал олборлуулахаар ямар нэг дүгнэлт, зөвшөөрөл гараагүй байхад албан тушаалаа урвуулж, “Жол” ХХК-д давуу байдал үүсгэсэн гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.