Дотуур хувцасны шинэлэг, содон трэндийг Викториагийн нууцлаг сахиусан тэнгэрүүдийн жил бүрийн шоунаас олж хардаг уламжлал тогтоод 20 гаруй жил болжээ. Үзэсгэлэнтэй охидын сүрдэм шоуг үздэг хүмүүсийн тоо жил ирэх бүр буурсаар энэ жил хамгийн доод үзүүлэлтээ харуулсан байна.
Өнгөрсөн ням гарагт “ABC” телевизээр “Victoria’s Secret”-ийн энэ оны шоу үзүүлбэрийг шууд дамжуулжээ. 1995 оноос хойш зохион байгуулагдаж байгаа үзэсгэлэнтэй охидын үзүүлбэрийг 18-49 насны 3,3 сая хүн шоуг үзэж сонирхсон гэж “Nielsen” судалгааны төвөөс мэдээлэв. 2014 онд тус шоуг 10 сая гаруй хүн үзэж байжээ.
Аливаа шоу тоглолт үзэгчгүй болж байна гэдэг компанийн брэнд имиж алдагдаж, дотуур хувцасны, үнэт цаасны зах зээлд байр сууриа алдаж байгаагийн илрэл юм. Викториагийн дотуур хувцасны үнэ урьд өмнө нь байгаагүйгээр хямдарч, нэрийн 20 дэлгүүрээ хаахаар болсон.
Дэлхийн алдартай загвар өмсөгчид “Victoria’s Secret”-ийн тайзанд алхахыг мөрөөдөж, мөрөөдлөө биелүүлсэн нь ч цөөнгүй. Тэд шоуны өмнө сошиал хаягаараа дамжуулан олон сая дагагчдаа хандан үзэхийг уриалсан боловч амжилт олоогүй. Компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ян Сингэр өнгөрсөн сард ажлаа хүлээлгэж өгсөн.
Дэлхийн хамгийн нэр хүндтэй, үзэсгэлэнтэй гэгдэж байсан загварын ертөнцөд чухам юу тохиолдов? Сахиусан тэнгэрүүд дараа жил дахин тайзнаа гарах болов уу?
Үүнийг одоогоор хэлэх боломжгүй ч нэг зүйл тодорхой болов. Тэд дахин гялалзсан дотуур хувцас өмсөж тайзан дээр сүрлэгээр алхахгүй байсан ч үзэгчид үүнийг тийм ч их санахгүй бололтой.
Эх сурвалж: www.qz.com