Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд 318 тэрбум төгрөгөөр "Тэнүүн-Огоо" ХХК, "Daewoo" маркийн 400 гаруй автобус оруулж ирсэн нь "хуучин автобусыг засварлаж нийлүүлсэн" гэх асуудлыг үүсгээд буй.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас "Автобуснууд чанарын шаардлага хангахгүй, гэрээнд заасан нөхцөлийг зөрчиж байгаа тул буцаан татах, чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн нийлүүлэхийг "Тэнүүн-Огоо" ХХК-иас шаардах болно" хэмээн мэдэгдсэн юм. Энэ талаар,
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар:
-УИХ-ын гишүүдийн төсөв дээр суулгасан мөнгө нийслэл рүү эрх шилжиж орж ирдэг. Тэр журмын дагуу явсан ажил. Нийслэлийн төсөв дээр мөнгө тавигдаад нийслэл зохион байгуулсан зүйлгүй. Төсвийн ерөнхийлөн захирагч нь түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар. Миний зүгээс ажлын хэсэг гаргаад зохион байгуулах үүрэг өгсөн. Ногоон автобуснуудыг оруулж ирэхэд хаана алдаа гарсныг Ж.Сүхбаатар сайдаас асуу. Би тендерийн асуудалд оролцохгүй гэдгээ анхнаасаа хэлсэн. Нийтийн тээврийн газар уг ажилд хяналт тавих ёстой. Нэг ёсондоо худалдан авах ажиллагааг зохион байгуулах захирамж гаргасан. Эхнээс нь тендер дээр хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхийг мэдэж байсан. Тиймээс улсын төсөв дээр суусан асуудлыг тэндээ шийд гэж хэлсэн ч хуулиараа эрх шилжүүлж орж ирсэн.
Ажлын хэсэг алдаа гаргасан эсэхийг хууль хяналтын байгууллага нь тогтооно. Орж ирсэн автобуснуудыг буцаана. Энэ өвөл нийтийн тээврийн парк шинэчлэл зогсохоос өөр аргагүй болсон. Гэм буруутай нь тогтоогдвол би хариуцлага хүлээнэ.
Асуудлыг ногоон автобуснуудыг оруулж ирсэн "Тэнүүн-Огоо" ХХК, төсвийг ерөнхийлөн захиран зарцуулах эрхтэй Ж.Сүхбаатар сайдаас асуу.
"Улаанбаатар хотын тагларсан, бөглөрсөн газрын наймаа, энэ тендер, ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг нэг тийш нь гаргаж тэгшлэхгүй бол ямар ч хүн ирээд энэ дээр хий эргэнэ. Тиймээс хотын асуудлыг дэлбэлэхийг нь дэлбэлээд, нээхийг нь нээгээд, зарлахыг нь зарлаад явна" гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.