УИХ дахь Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн байдлаар өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар Монгол Улсын ерөнхий сайд гурван албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарыг огцруулах саналыг тавина гэв.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Ногоон автобусны асуудлаар бүлгийн хурал хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Хамгийн гол нь энэ асуудал нь нэг компани техникийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэл авч ирсэн асуудал биш юм. Харин мафижсан тогтолцооны авлигын пирамид үүсжээ. Шууд гэрээ хийж, улсын нууц болгож байна. Өмнө нь нүүрсний асуудлыг улсын нууцад оруулдаг байсан бол одоо ганц агентлагийн зөвлөмжөөр нууцад авдаг жишиг тогтоод байна. Өнгөрсөн долоон жилд хэчнээн ийм зөвлөмжөөр ийм тендерүүд төрийн нууцад орсон бэ гэдгийг ил болгох шаардлагатай.
Тиймээс сая бүлгийн хурлаар дан ганц ногоон автобусыг тойрсон асуудлаар бус өнгөрсөн долоон жилийн хугацаан дахь нууц зөвлөмжтэй шууд гэрээтэй холбоотой асуудлуудад ажлын хэсэг гарч ажиллахаар болов.
АН-ын Тэргүүн дэд дарга С.Баярцогт:
-Ардчилсан намын бүлэг өргөтгөсөн байдлаар өнөөдөр хуралдлаа. НИТХ-ын бүлгийн гишүүд бүгд оролцлоо. АН-ын зүгээс дараах шийдвэрүүдийг гаргалаа. Нэгдүгээрт, УИХ-ын гишүүн Бүлгийн дэд дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулахаар боллоо. Монгол Улсын ерөнхий сайдад гурван албан тушаалтанд хариуцлага тооц гэсэн саналыг хүргүүлж байна. Тодруулбал, түгжрэл хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар, ТЕГ-ын дарга П.Одонбаатар нарыг огцруулах саналыг АН-ын зүгээс тавьж байна.
АН-ын бүлгийн дэд дарга Н.Ганибал:
-Автобусны тендер бол улсын нууцад хамааруулж тендер будилаантуулдаг нэг л жишээ. Маш олон асуудал байгаа тухай мэдээлэл иргэдээс ирж байна. Тухайлбал, Малын бүх төрлийн вакцинуудыг улсын нууцад авч тендер зарладаг болсон юм байна. Худалдан авахаас гадна гүйцэтгэл дээр хүртэл нууцалдаг зүйл байна. Монгол Улс анх худалдан авалтын хуулийг буцаагаад хаалттай нийгмийн хууль болтлоо хувирсныг олон улсад зарласан ийм үйл явдал болж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.