Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн талаараа мэдээлэл хийв.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Ж.Сүхбаатар:
-Миний бие Монгол Улсын сайд, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргасан.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр энэ тухайгаа тайлбарлаж, мэдээлэл өглөө. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийн агуулга нь юу гэвэл улстөрчийн хувьд эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж, шалгалтын ажлууд явагдаж байна. Тиймээс ёсзүйн хариуцлага хүлээж, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ илэрхийлсэн.
Анх сайдаар томилогдоод ажиллаж байхад Ерөнхий сайд "Ёсзүйн өндөрлөг дээр МАН, тэр тусмаа Засгийн газрын гишүүд байх ёстой"-г бидэнд удаа дараа хэлж байсан. Энэ зарчмыг баримталж байна.
Өнгөрсөн зун авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлуулсан. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байлаа. Аливаа ашиг сонирхлын зөрчилтэй асуудал яригдахаар улстөрч хүн нэрээ цэвэрлэж авах, хэрэгт холбогдсон бол хүлээгээд явах ёстой.
Надад эрүүгийн хэргийн шинжтэй хийсэн үйлдэл байхгүй. 2023 онд нийтийн тээврийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд төсвийн ерөнхийлөн захирагчаар ажилласан. Энэ асуудалд тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлэх явцад иргэдийн дунд эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн асуудлууд гарсан. Гүйцэтгэгч, нийлүүлэгч талд шаардлагаа тавьсан.
УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд тал талаас асуудлаа ярилаа. Улаанбаатар хотод 30 гаруй жилийн хугацаанд шийдэгдээгүй асуудлууд хуримтлагджээ. Тодорхой асуудлуудыг үндсэн углуургаар нь шийдэхгүй орхисон байна. Энэ асуудлуудыг эрх барьж буй нам орж ажиллахаас өөр аргагүй.
Нэг жил ажиллахдаа миний хувьд төлөвлөгөө гаргасан, бас хуримтлагдсан асуудал байна. Намайг орж ирэхэд олон ажлыг зэрэг эхлүүлсэн, эрэмбэ тодорхой биш байсан. Харин одоо түгжрэл, төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлого тодорхой болсон. Нэгдүгээрт нийтийн тээврийн асуудал. Дараа нь холбоос зам, замын хөдөлгөөн зохицуулалт, хууль зүйн орчин, соён гэгээрэл, хот хөдөөгийн сэргэлт гэсэн таван чиглэлд Засгийн газрын бодлого тодорхой болсон байгаа.
Түгжрэлийн үндэсний хорооны гурав дахь дарга нь би юм. Аж ахуйн асуудалд цөөхөн оролцож байсан нь үнэн.
Улаанбаатар хотын хувьд 64 хувь нь хувийн автомашинаар зорчиж байна. Нийтийн тээврийн салбарт ялангуяа нийслэлд хүнд байна. Миний бодсоноос хүнд байсан. 2022, 2023 онд 1000 гаруй автобус ашиглалтаас гарах нөхцөл үүсчихсэн байсан.
Миний хувьд яамгүй сайд учраас Улаанбаатар хот руу эрхээ шилжүүлсэн. Нууцад аваагүй. Тендерийн хуулийн хамаарахгүй байх нөхцөлд оруулсан. Өнгөрсөн оны улаан автобусыг худалдан авсан зарчмаараа хуулийн дагуу зохион байгуулсан. Анх төлөвлөхдөө 500 чанартай автобус авъя гэж байсан. Асуудлыг хойш тавьж болохгүй учраас 810 болгочихъё гэдэг зорилт тавьж зүтгэсэн. Цахилгаан автобусыг 200-гаас их ашиглавал эрчим хүчинд хүндрэл үүсэх эрсдэлтэй гэсэн. Ингээд 600 дизель авах автобус тавигдсан. Тэгээд тендерт Тэнүүн-Огоо компани шалгарсан. Миний хувьд анхнаасаа энэ асуудал дээр онцгой анхаарч, чанартай автобус нийлүүлэх ёстой гэдгийг сануулж байсан.
"Daewoo" руу бид баг явуулсан. Олон төрлийн брэндтэй том компани. Зарим нь дампуурчихсан гэж ярьж байна. Монголд 14 дэхь жилдээ автобус явуулж байгаа юм билээ. Daewoo компанийн чанар, нэр хүндэд бид итгэсэн. Бүгдийг нь өөрөө нарийвчилж шалгадаг байж гэж бодож байна.
Засгийн газрын сайдын ажлаа ингээд өгч байна. Би шантрахгүй байхыг өөрөө хүмүүст заадаг байсан хүн. Эцсийн мөч хүч хүртэл миний нэр хүнд талаар болсон ч энэ ажлыг дуусгах ёстой гэдэг бодолтой байлаа. Хамгийн чухал ажил дээр маань нийлүүлэлтийн асуудал гарсан учраас, ажлаа өглөө. Шинэ хуучин автобус гэдгийг мэргэжлийн хүмүүс нь шалгаж тогтоох үйл ажиллагаа нь үргэлжлээд явах байх гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.