Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын хэрэгт гэрч дутуу гэх шалтгаанаар шүүх хурал аравдугаар сарын 30 хүртэл хойшлов.
Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдож яллагдагчаар татагдсан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал 14.50 минутад эхэллээ.
Шүүх хуралдаан эхлэх үеэр нэр бүхий өмгөөлөгчдийн зүгээс эрүүл мэндийн шалтгаантай гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.
Шүүгдэгч Б.Ганхуягийн өмгөөлөгчдийн зүгээс түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг гаргасан юм.
Өмгөөлөгч Н.Ганцэцэг:
-Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягийн биеийн байдал хүнд байна. Бөөлжих, халуурах, хавагнах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн. Эмчийн үзлэгээр нойр булчирхайн архаг үрэвсэлтэй гэх дүгнэлт гарсан.
Арав дахь сардаа цагдан хоригдож байгаа үйлчлүүлэгчийн хувьд даралт унаж байгаа байдал нь цус харвалтын эхний шинж тэмдэг гэж үзэж байна. Иймд цаашид нарийн мэргэжлийн, дараагийн шатлалын эмнэлэгт хандаж, эрүүл мэндээ хамгаалуулах эрхээ эдлэхийг хүсэж байна гэв.
Харин прокурорын зүгээс "Өмгөөлөгч нар эрүүл мэндийн шалтгаан, хэргийн ээдрээ төвөгтэй байдал арилсан гэх үндэслэлээр шүүгдэгчийн цагдан хорих арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг гаргасан. Хорих 461 дүгээр ангиас холбогдох албаг бичгийг шүүхэд хүргүүлсэн байна. Үүн дээр "Биеийн байдал нь хэвийн" гэжээ. Тиймээс Б.Ганхуягийг батлан даалтад гаргах үндэслэлгүй гэсэн юм.
Улмаар шүүх хуралдаан гэрч дутуу, зарим нь нэмж өмгөөлөгч авна гэх шалтгаанаар аравдугаар сарын 30-н хүртэл хойшиллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.