Амар хялбар аргаар мөнгө олохыг зорьдог хүмүүс хүрээлэн буй орчин руугаа зохих зөвшөөрөл авалгүй дайрч, хэрэгтний ширээнд суух явдал цөөнгүй. Тухайлбал, зохих зөвшөөрөлгүйгээр самар тээвэрлэсэн иргэнд шүүхээс ял оноогоод байна.
Иргэн Ж.Өлзийбаяр нь 2022 оны есдүгээр сарын 1-нд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дахь “Хархорин” захын орчмоос гурван шуудай 84.8 кг хушны самар бусдаас худалдан авч “Тоёота аксио” загварын тээврийн хэрэгсэлдээ ачин Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутагт явж байгаад саатуулагдсан юм. Уг нь хушны самрыг Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг бөгөөд холбогдох байгууллагаас зөвшөөрөл авч түүж, тээвэрлэх хуультай. Гэтэл үүнийг зөрчсөн учраас түүнд Эрүүгийн хуулийн 24.8-1 дэх хэсгийн “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэсэн гэх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн шийдвэрлүүлжээ. Шүүх түүнийг зөвшөөрөлгүйгээр ховор ургамал, тэдгээрийн үрийг худалдан авсан, тээвэрлэсэн гэм буруутайд тооцож, нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлах ял шийтгэж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Тоёота аксио” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2.8 сая төгрөгийг гаргуулж, улсын орлого болгохоор болсон байна. Мөн байгаль орчинд учирсан 41.9 сая гаруй төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Үүнээс гадна хууль бусаар ашигт малтмал олборлож, химийн хорт бодис ашиглан угаасан хэрэгт прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна. Иргэн Г.Жамбалдорж, П.Цэрэнтогтох, П.Галбаяр нарыг ийнхүү буруутгаж буй аж. Тэд өнгөрсөн өвөл Дорнод аймгийн нутгаас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр ашигт малтмал олборлож, Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу Баруунхараад аваачин тээрэмдэж багагүй хэмжээний алт гаргаж авсан аж. Ингэхдээ Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан мөнгөн ус хадгалж байснаа хэрэглэсэн гэнэ. Шинжээчдийн дүгнэснээр дээрх хүмүүс байгаль орчинд 20 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний хохирол учруулсан юм байна.
Тиймээс эл гурван хүнд Эрүүгийн хуулийн 24.2-1-ийн “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан”, 24.3-1 дэх хэсгийн “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байгалд хортой бодис ашиглаж бусдад хохирол учруулсан нь д аюул. Ер хэргийг багад илрүүлж хүнээ засч авах нь л чухал.
Одоо энэ юу юм. Тэрбумын хэргээ л ол! Гээд эхлэх байх. Энэ хооронд энэ хүн эвдрээд бас нэг тэрбумын хэрэгтэн нэмэгдэнэ шүү. Залуусаа хамгаал.