Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзан “Шинэ сэргэлтийн реформ” илтгэлээ танилцуулж, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, түүний үр дүн, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв.
Ирэх оны төсвийн төслийг боловсруулж буй энэ үед аймаг бүрд Ерөнхий сайд, танхимын сайд нарын хамт очиж асуудлыг судлаад саналыг нь тусгаж байна.
Хөвсгөл аймгийн иргэдийн уулзалтад 600 гаруй хүн оролцож, 70 гаруй нь санал, хүсэлтээ илэрхийлж, Ерөнхий сайд болон салбарын сайд нар асуултад хариулав.
137 мянган хүн амтай тус аймгийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдлийг инфляцтай уялдуулж индексжүүлэх, малын эмч ховордсонд төрийн бодлогоор анхаарах, тариалан эрхлэгчдийг дэмжих, төрийн албаны шинэчлэлийг эрчимжүүлэх, нисэх буудлыг олон улсын зэрэглэлтэй болгох, Хөгжимт драмын театрын барилгын ажилд анхаарах, Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай зам тавих, “Бэлтэс Мөрөн” компанид мөнгөө алдсан иргэд хохирлоо хэрхэн барагдуулах нь тодорхой бус болсон зэрэг санал, хүсэлтийг иргэд гаргав.
Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2024 онд Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг иргэдээс авсан юм. Үүнээс гадна тус аймгийн ИТХ-аас тулгамдсан томоохон гурван асуудлыг ирэх оны төсөвт тусгуулахаар эрэмбэлсэн байна.
Үүнд,
-Байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх босоо тэнхлэгийн авто зам барих
-Хөвсгөл аймгийн Дулааны станцыг өргөтгөх
-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Ханх-Хатгал чиглэлд хатуу хучилттай авто зам барих санхүүжилтийг төсөвт тусгуулах саналыг Ерөнхий сайд дэмжихээ илэрхийлэв.
Мөн иргэдийн саналын дагуу Хатгал сумын зураг, төсөв нь бэлэн болсон бүх төслийн санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгах, Ахмадын төвийн шинэ байр болон тус аймгийн Хөгжимт драмын театрын барилгын санхүүжилтийг төсөвт нэмж тусгахаар болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
шаагаад яваад байдаг ямарч төлөвлөлт байхгүй хэзээ яаж ямар мөнгөөр хэн барихын чөтгөр бүү мэд зүгээр л барина тэгнэ гсн ам