Өнөөдөр yahoo.com мэдээллийн сайт дээр "МАН-ын ЕНБД бөгөөд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрсний хэрэгтэй тэмцэх сонирхолгүй байна. Өөрөө нүүрс тээврийн компанитай" гэсэн утга бүхий нийтлэл гарсан.
Үүнийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан эрс няцааж, "Нүүрсний хулгайтай тэмцэгчдийг ямар нэг аргаар нүүрстэй холбохын тулд сүүлдээ гадаадын мэдээллийн сайтуудад мөнгө төлж мэдээлэл гаргуулдаг болжээ" гэжээ.
Тэрбээр няцаалтандаа:
-Эрдэнэтийн 49 хувь, Дарханы төмөрлөг, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр, орд газрууд, төрийн өнгөтэй өөдтэй бүхнийг үнэгүйдүүлэн авсан болон нүүрсний бүлэг хулгайч нарын луйврын схемийг задлан нураах тусам гэмт бүлэглэлүүд бачимдан хорсож, өнөөх башир муу арга мэхээ ашиглаж байна.
Монголчуудын илүү боломж, ирээдүйг хулгайлаад оргон зайлсан нэгэн этгээдийн гар хөлүүд доллараар төлбөр төлж, гүтгэлэг захиалжээ.
Гэмт бүлэглэлүүд ард түмний өмнө гишгэх газар, хийх нүүргүй болсон тул гүтгэлэг гүжирдлэг нь хил хязгаараас хэтрэн хальж, гадаадын цахим хуудас, элдэв нэр хаяг ашиглан өөрсөдтэйгээ адилхан нүүрсний хулгайч болгох үлгэр зохиож буйг үүгээр эрс няцааж байна гэсэн байна.
МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын ах, дүүгийн бизнесийг Д.Амарбаясгалантай холбож мэдээлснийг тэрбээр "Манай намын олон мянган гишүүн, ажилтан, албан тушаалтан нэг бүрийн ах дүүгийн хувийн бизнестэй намайг холбох мөрөөдөл чинь бүтэхгүй" гэжээ.
Энэхүү мэдээллүүд нь монголын зарим сайтуудаар гарч байсан бөгөөд гадаадын хэвлэлд гарвал хүмүүс илүүтэй үнэмшин гэж тооцсон учир мөнгө төлж гаргуулсан нь тодорхой болж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.