Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн шөнө болж өндөрлөлөө. АЭХ-ны Дотоод сонгуулийн хороонд есөн эмэгтэй нэр дэвшигч бүртгүүлсэн боловч, нэрээ татаж явсаар гол өрсөлдөөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан нарын хооронд болсон байна.
Нэхэн сануулбаас, АЭХ-ны ерөнхийлөгчийг сонгох сонгуульд А.Адъяасүрэн, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа нарын есөн нэр дэвшигч бүртгүүлсэн боловч, Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар сонгуулийн өмнө нэрээ татсан. Улмаар санал хураалтын өмнө Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Н.Одонгуа нар өөр өөрсдийн нэр дэвшигчдийг дэмжихээ илэрхийлэн нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм. Ц.Уянгын мэдэгдсэнээр "нэрээ татаагүй бол А.Адъяасүрэн чигээрээ гарах байсан" гэв.
Санал хураалт тойрсон маргаан удтал үргэлжилсэний эцэст ҮБХ-ны гишүүн Б.Жаргалан 50.8 хувийн саналаар АЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаярын охин юм.
Заалнаас А.Адъяасүрэнгийн талынхан "Сонгууль хууль бус. Санал хураалтыг дахин явуулна" гэж орилж үймээн тарьжээ. Иймд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж, сонгуулийг хүчин төгөлдөр бус гэж зарлаж магадгүй юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.