Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. "Багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэхгүй бол 10 сарын 5-наас ажил хаялт зарлана" гэв.
Тус үйлдвэрчний эвлэлийн холбооноос гурван шаардлагыг Монгол Улсын Засгийн газарт хандан гаргаж байгаа аж. Нэгдүгээрт, багш нарын цалинг 1000 ам.долларт хүргэх. Хоёрдугаарт, цэвэрлэгч, харуул, тогооч зэрэг үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэх. Гуравдугаарт, анги удирдсан багш нарын нэмэгдэл 10 хувь байгааг нэмэгдүүлэх зэрэг шаардлагыг тавьж байгаа аж.
Нийслэлийн 15 дугаар дунд сургуулийн математикийн багш н.Энхтуяа:
-Багш нарын цалинг 1 сая 270 мянга болгосон. Энэ цалинг одоогоор аваагүй байгаа. Авбал татвар, нийгмийн даатгалаа төлөөд гар дээрээ 800-900 мянгыг авах байх. Гэтэл багш нарын цалинг гүйцэтгэлийн үнэлгээгээр бүтэн өгнө гэж байгаа. Гүйцэтгэлийн үнэлгээгээр цалингаа бүтэн авч байгаа багш байхгүй гэж хэлж болно. "Цалин нэм" гэхээр иймэрхүү босго тавьж аргацаахыг эсэргүүцэж байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэхийг шаардаж байна.
Багш нар зэргийн нэмэгдэл гэж цалин дээрээ цалингийн 10 хүрэхгүй хувийг нэмж авдаг. Анги удирдсан багшийн нэмэгдэл гэж олгодог ч залуу багш нар анги удирддаггүй учир энэ цалинг авч чадахгүй байна. Багш нар амь зогоох төдий цалин авч байна.
Багш нарын ачаалал аймшигтай байна. 980 сурагчийн сургуульд 3000 сурагч хичээллэж байна. Нэг ангид 30-35 сурагч байсныг "45 хүртэл байж болно" гэсэн журам гаргасан. МАН-ын мөрийн хөтөлбөрт "Гурван ээлжээр хичээллэх явдлыг таслан зогсооно" гэж заасан. Одоо үүнийгээ хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа юм билээ. Тэр нь их зальтай. Яасан гэхээр, хүүхдийн тоог нэмээд хоёр ээлжинд шахчихаж байгаа юм. Ингэхээр нэг багшид 2-3 багшийн үүрэг ногдож байгаа. Ихэнх нь долоо хоногт 30 цаг хичээл зааж байна.
Манай сургуулийн үйлчилгээний ажилтан сард 750 мянган төгрөгийн цалинтай. Татвар, нийгмийн даатгалаа хасаад гар дээрээ 550-610 төгрөг авдаг гэж байгаа.
Нийслэлийн 19 дүгээр дунд сургуулийн гадаад хэлний багш н.Оюун-Эрдэнэ:
-Багш нарын хомстол нүүрлээд байна. Манай сургуулийн бага ангийн нэг багш хоёр анги дааж авсан. Нэг анги нь 45 хүүхэдтэй. Өглөө, орой хичээллэдэг. Өдөрт 90 хүүхэдтэй ажилладаг. Би гэхэд долоо хоногт 19 цагийн хичээл заах ёстой. Гэтэл одоо 30 цаг зааж байна, багш нар хомстолтой учир. Багш нарын дийлэнх нь гадагшаа явсан. Гэхдээ азтай нь л явж байгаа. БНСУ-ын виз чангарсан гэсэн яриа гадуур байгаад байгаа.
Багш нарыг гүйцэтгэлийн үнэлгээгээр цалинжуулна гэхэд эхэндээ сайхан сонсогдож байсан. Гэтэл миний зааж байгаа 200 сурагчаас 20-ыг нь сонгож авч шалгаад багшид үнэлгээ өгч байна. Тэр 20 хүүхэд дотор ямар ч хүн байж болно шүү дээ. Үнэхээр үнэлэх гэж байгаа бол бүгдийг нь үнэл. Эхнэр маань бас багш. Ийм бага цалингаар яаж зээлээ төлж, яаж үр хүүхдүүдээ тэжээх юм бэ. Багш нарын цалинг нэм! гэв.
Ковидын үеэр ачаалалтай ажиллаж байгаа гэдгээр нь эмч нарын цалинг нэмэгдүүлж, 3-4 саяд хүргэсэн. Шүүгч нарын цалинг 4-5 сая хүргэсэн юм бол багш нарын цалинг энэ жишигт хүргэ хэмээн өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зохион байгуулагчид мэдэгдлээ. Хэрэв шаардлагыг хүлээн авахгүй бол ирэх даваа гараг буюу 10 сарын 2-ноос эхлэн орон даяар ажил хаялт зарлана гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Зөв шүү ажил хаяа .Шаардалга нь зөв байна . Авилгач нар эх орныхоо баялагыг тоноходоо сая сая доллароор авна шүү . Монгол орны баялаг ард түмэнд хангалтай хүрнэ . 1000 доллар юу юм бэ ?