СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн хоёрдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотод албан томилолтоор ажилласан. Томилолтын хүрээнд Тяньжин хоттой олон салбарт хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Тодруулбал, Хятад-Сингапурын хамтран хэрэгжүүлж буй ухаалаг хот, эко хот концепцын ухаалаг шийдлүүдийг шинэ суурьшлын Буянт-Ухаа бүсэд нэвтрүүлэхээр тохиролцсон. Тэгвэл өчигдөр Улаанбаатар, Тяньжин хотын худалдаа, хөрөнгө оруулалтын форумын үеэр хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

 

Санамж бичигт Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн удирдлагын хорооны орлогч дарга Ян Юн нар гарын үсэг зуран, баталгаажууллаа.  

Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг бий болгон хөгжүүлэх чиглэлд гадаадын мэргэжилтэн, судлаачидтай хамтран ажиллах, шинэ техник, технологийн туршлагыг дотооддоо нэвтрүүлэх, байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах боломж бүрдэх юм.

 

Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Уг санамж бичгийг байгуулснаар дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрийг илүү нарийвчилсан төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэнэ. Мөн цаашид урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн удирдлагын хорооны орлогч дарга Ян Юн “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь саяас дээш хүн амтай дэлхийн томоохон хот учир төлөвлөлтөө сайжруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэхэд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх хэрэгтэй. Тиймээс бид боломжит бүхий л талаараа дэмжлэг үзүүлнэ” гэлээ.

 

Ташрамд, Тяньжин хот смарт буюу ухаалаг технологид суурилсан дүүргийг хөгжүүлж байгаа бөгөөд тус дүүргийн 31 хорооллын 400,000 өрхийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг үүлэн технологид суурилсан удирдлагын системээр хянан шийдвэрлэдэг аж. Түүнээс гадна жолоочгүй нийтийн тээврийн үйлчилгээ, ухаалаг гэрлэн дохиог нэвтрүүлснээр авто замын ачааллыг 20 хувиар, түгжрэлийн хугацааг 20-30 минутаар бууруулж чаджээ. Тухайлбал, ухаалаг гэрлэн дохио нь тухайн замын ачааллаас хамаарч улаан, ногоон, шар гэрлүүдийг хэдэн минут, хэдэн секундийн хугацаатай асаах зохицуулалтыг дэвшилтэт технологийн тусламжтайгаар хийдэг байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.