Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг танилцууллаа. Хорооны хурлаар бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гарчээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:
-Гадаад нөхцөл байдлын улмаас инфляц саарсан ч төсвийн зардлаар өдөөгдсөн эрэлтийн инфляц нэмэгдэхээр байна. Дэлхийн эдийн засгийн төлөв өмнөх бодлогын шийдвэр гаргаж байсан үеэс муудаж тодорхой бус байдал өндөр хэвээр үргэлжлэхээр байна. Гадаад эдийн засгийн үзүүлэлт энэ онд саарах төдийгүй ирэх онд ч сэргэхээргүй төлөв ажиглагдаж байгаа. Геополитикийн хурцадмал байдлаас үүдэлтэй эдийн засгийн хориг арга хэмжээ болон дэлхийн томоохон банкуудын хэрэгжүүлж байгаа мөнгөний хатуу бодлого гол нөлөөтэй байна.
БНХАУ-ын эдийн засгийн сэргэлт хүлээлтээс бага байгаа нь анхаарал татсан үйл явдал болж байна. Экспорт буурч үл хөдлөх салбарын хүндрэл даамжирсан хэвээр байна.
Өвөлжилт муудаж, хөдөө аж ахуйн салбарын энэ оны төсөөлөл муудаж гарсан байгаа. Инфляц ойрын хоёроос гурван сар 9-10 хувь орчимд тогтвортой байхаар харагдаж байна. Тодруулбал төгрөгийн гадаад валюттай харилцах ханш тогтвортой байж хилийн үнэ буурснаар шатахууны үнэ өмнөх жилээс буурсан. Мөн импортын барааны инфляц үргэлжлэн саарахаар байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.