Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.14) БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзжээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Ардчилсан Намын бүлгийн дарга Паг Гуан Ун-тэй уулзаж байгаадаа баяртай байна гээд БНСУ-д ажиллах хугацаанд “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцож, БНСУ-ын Үндэсний Ассамблейн хуралдааны дэг, мэтгэлцээний зарчим, парламентын хяналт шалгалтын процессыг судалж байна гэж уулзалтын эхэнд танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлаас парламентын ардчиллыг бэхжүүлэх, төгөлдөржүүлэх зорилтын хүрээнд эрх зүйн шинэчлэл хийж, Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүдийн тоо болоод хяналт шалгалтын хэм хэмжээ, чиг үүргийг нэмэгдүүлсэн. Бид БНСУ-ын Үндэсний Ассамблейн нийтийн сонсгол хийж буй туршлагаас судалж, Монгол Улсад нэвтрүүлж байна. Мөн Үндэсний Ассамблейн өндөр албан тушаалтнуудын томилгооны сонсгол, нийтийн хяналт шалгалт, хиймэл оюун ухаан чиглэлээр туршлага судалж байна. Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Их Хурал болон БНСУ-ын Үндэсний Ассамблей дахь парламентын бүлэг, парламент хоорондын Тамгын газрын хамтын ажиллагааг ахисан түвшинд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй, манай гуравдагч хөрш, ойр дотны түнш орон бөгөөд 800 жилийн тэртээгээс ахан дүүсийн харилцаа тогтоож ирсэн хэмээн уулзалтын үеэр дурдав. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ким Жин Пёо-г Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин нотлов.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол, БНСУ-ын парламентын бүлгийн хамтран даргалагч Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа болон бусад албаны хүмүүс байлцжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.