БНХАУ-ын “Зунмен нүүрс” компанийн захирал 700 гаруй хүний 400 шахам сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгал төлсөн мэтээр худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
БНХАУ-ын “Зунмен нүүрс” компанийн хөрөнгө оруулалттайгаар манай улсад байгуулсан, улс хоорондын ачаа тээвэрлэх, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн гүйцэтгэх захирал Монгол Улсад төлөх ёстой их хэмжээний нийгмийн даатгал шимтгэлийг өгөлгүй, зайлсхийжээ.
Дээрх аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалттай “Зунмен” гэх компанийн гүйцэтгэх захирал Чи Шиахуа 2019-2022 онд нийт 99 сая гаруй төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг худал мэдүүлсэн хэрэгт холбогдсон аж.
Эх сурвалжуудын мэдээлснээр тэрбээр компанийнхаа ажилтнууд болох давхардсан тоогоор 700 гаруй хүний 400 шахам сая төгрөгийн цалин, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгал төлсөн мэтээр худал мэдүүлсэн гэнэ.
Түүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 18.14-1 дэх хэсэгт заасан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зайлсхийх зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл ногдох их хэмжээний орлогыг нуусан, худал мэдүүлсэн” хэмээн яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байна.
Гадаадын хөрөнгө оруулалттай гэлтгүй дотоодын аж ахуйн нэгжийнхэн, тэр дундаа хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй ажилтнуудаа хохироосон үйлдэл бий. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй учраас гадаадын дээрх иргэнд үүсгэсний адил дотоодын аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг ч ажилтнуудынхаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй үйлдэлд нь эрүүгийн хариуцлагад татаж, хохирсон хүмүүсийнх нь төлбөрийг гаргуулдаг жишиг тогтоовол зүгээр сэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.