СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-09-02

🔴 "Та бүхний өвөг дээдэс, эзэн хаад хараа дээгүүр байж, өргөн уудмыг тогтон тольдож байхыг дэлхий нийтэд соён сургасан билээ"

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
8 сарын өмнө

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.

Тэрбээр өнөөдөр /2023.09.02/ төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзав.

Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИС:

Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч,

Эрхэм Улсын Их Хурлын дарга,

Эрхэм Ерөнхий сайд,

Засгийн газрын гишүүд, дипломат төлөөлөгчид,

Иргэний болон шашны байгууллагын хүндэт төлөөллүүд,

Соёлын ертөнцийн нэрт төлөөлөгчид,

Хатагтай, ноёд оо.

Халуун дотноор хүлээн авч, сайхан үг хэлсэн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд талархал илэрхийлье.

Энд хуран цугласан эрхэм хүндэт Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Танай сайхан өргөн уудам нутгийг зорин ирж, “айлчлал” гэдэг үгийн утга учир, мөн чанарыг бүрэн дүүрэн ойлгож, эрхэмлэн дээдэлж ирсэн ард түмэнтэй учран золгож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг билээ.
Би та бүхэнтэй итгэл хүндлэл дүүрэн уулзан золгож,  Монголын үзэсгэлэнт тал нутагт тодрон үзэгдэх, нүүдэлчдийн өнө эртнээс уламжлан ирсэн орд цагаан өргөө гэрт анх удаа морилон саатаж дотносон танилцаж байгаагаар төсөөлж байна.

Энхийг эрхэмлэн эргэл мөргөлөөр замнан яваа санваартан миний бие Та бүхний хүмүүнлэг ёс, найрсаг зан аальд хөгжин, талархан баясах хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн, зүрх сэтгэлдээ аз жаргалыг тээж, амар амгаланг өвөрлөн ийнхүү өргөө гэрийн тань үүдэнд хүрэлцэн ирлээ.

Бид анд нөхдийнхөө гэрт зочлон ирэхдээ мэндийн бэлгээ солилцож, эртний түүхээ эргэн дурсдаг сайхан уламжлалтай.

Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын хооронд орчин үеийн дипломат харилцаа тогтоосон нь саяхан мэт боловч энэ жил хоёр тал харилцан зөвшилцөж гарын үсэг зурсны 30 жилийн ой тохиож байна

Эрт цагт, 777 жилийн тэртээ, 1246 оны наймдугаар сарын сүүлч, есдүгээр сарын эхээр .

Удалгүй Их хааны монгол бичгээр сийлсэн тамгатай хариу бичгийг олон хэлээр орчуулан илгээсэн нь эдүгээ Ватиканы номын санд хадгалагдаж буй. Өнөөдөр би энэхүү албан бичгийн дэвшилтэт технологиор дээд зэргийн чанартайгаар үйлдсэн албан ёсны хуулбарыг хүндэтгэлтэйгээр бэлэг болгон өргөн барьж байна. Энэхүү бэлэг өнөө цагт өргөжин тэлж буй эртний найрамдалт харилцааны бэлгэ тэмдэг болох болтугай.

Би танай хөдөө нутгийн хүүхдүүд өглөөний наран мандахад алсад бэлчих мал сүргээ өргөө гэрийнхээ үүдээр ажиглан тоолж, аав, ээждээ хэлдэг гэж дуулсан.

Бид ч бас  алсыг ширтэх адил, даян дэлхийн энгээр ойрыг бус, холыг харж байхын ач тусыг эрхэмлэж байх учиртай.

Талын нүүдэлчин амьдралд төрж, өргөн уудам газар нутагт тархан сууж, хөрш зэргэлдээх олон соёлоос ялгарах өвөрмөц онцлогтой байна гэдэг бол монгол гэрийн соёлоос суралцах зүйл их гэсэн үг юм.

Монголын энгүй уудам нутаг говь цөлөөс тал хээр хүртэл, тэгш өндөрлөгөөс Алтай, Хангайн их уулс, ой хөвч хүрч, гол мөрөн нь тохойрон урсаж, өндрөөс ажихад, эртний тансаг нэхмэл дээр сүлжин урласан чимэг хээ шиг, сэтгэл булааж, урин дуудах үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэн адил, бүхий л дэлхийн гоо үзэсгэлэн, сүр жавхланг тусган тольдох мэт санагдана.

Үеэс үед малчид, тариаланчдын уламжлан хөгжүүлж ирсэн, байгаль орчны тэнцвэрт байдлыг хүндэтгэх Та бүхний төрөлх сэцэн ухаан нь явцуу ашиг сонирхлоос татгалзаж, ирээдүй хойч үедээ газар нутгаа үржил шимт онгон төрхөөр нь өвлүүлэн үлдээх хүсэл эрмэлзэлтэй энэ цагийн хэн бүхэнд үлгэр дуурайлал болж байна

Энэ нь загалмайтны шашинтан бидний Бурхны бүтээл, түүний өгөөмөр сэтгэлийн үр шим хэмээн ойлгодог байгаль дэлхийг хайрлан хамгаалж, хүндэтгэн талархаж, хариуцлагатай экологийн бодлогын алсын хараа, энэрэн нигүүлсэх соёл суртлыг баримтлан хүнээс үүдэлтэй хор хөнөөлийн эсрэг тэмцэхэд Та бүхэн тусалж байгаа хэрэг юм.

Монгол гэр бол орчин үед байгаль экологид хамгийн ээлтэй, хүрээлэн буй орчинд ямар ч хор нөлөөгүй, олон талын ач тустай орон сууц юм.

Цаашилбал, монголын уламжлалт бөө мөргөлийн цогц алсын хараа, хамаг амьтныг энэрэн нигүүлсэх Буддын гүн ухааны үзэл санаа нь эх дэлхийгээ хайрлан хамгаалах хойшлуулж болшгүй чухал үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулж чадах билээ.

Хот, хөдөөгүй байгаа монгол гэр нь настан буурлууд хийгээд залуу хойч үеийн ахуй амьдралын хэвшлийг холбон, уламжлал хийгээд шинэчлэлийн үнэт шүтэлцээг нотлох мэт монгол үндэстний үе залгамжийн гэрч нотолгоо болж байна.

Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ.

Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна

Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм.  Түүнчлэн цаазын ялыг халсан чухал алхам билээ.

Цаг уурын эрс тэрс уур амьсгалын алинд ч тохиромжтой монгол гэр монголчуудад янз бүрийн газар оронд оршин суух боломжийг олгосон бөгөөд энэ нь нутаг дэвсгэрээ үлэмж хэмжээгээр тэлсэн Монголын эзэнт гүрний түүх домогт цаг үед нотлогдсон байдаг.

Миний бие Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой тохиож буй энэ цаг үед Монгол Улсад зочилж байгаадаа баяртай байна.

Танай эзэнт гүрэн тийм хол, тийм олон янзын газар нутгийг хамарч, тэр их уудам нутаг дэвсгэр дээрх олон ард түмний онцгой авьяас чадварыг үнэлж , улс иргэнийг засан тохинуулах их албанд тохоон томилж байсан явдал бол танай өвөг дээдсийн гайхамшигт чадварын гэрч баримт  юм.

Энэхүү арга ухаан бидний цаг үед ч үнэ цэнтэй хэвээр байгаа бөгөөд сэргээн хэрэглэх боломжтой.

Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа  энэ дэлхийг тэнгэр ивээж, “Монголын их амар амгалан” цогцолж, аливаа зөрчил тэмцэл үгүй болсон байсан тэр нэгэн цаг үе шиг олон улсын хууль эрх зүй, хэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай.

Монголчуудын “Үүл нүүж тэнгэр цэлмэнэ” гэж хэлдэг шиг, дэлхийн хаана  ч байдаг ах дүү мэт зэрэгцэн орших хүсэл тэмүүллээр дайны хар үүл сарнин арилж, зөрчил тэмцэл яриа хэлцлээр шийдэгдэж, хүн бүрийн суурь эрх батжин бэхжих болтугай.

Арвин баялаг түүхтэй, тэнгэрт ивээгдсэн энэ улс орноос Дээд тэнгэр амар амгаланг соёрхон бэлэглэхийг эрэн хүсье, бүгд хамтдаа ирээдүйн энхийн төлөө хичээнгүйлэн зүтгэцгээе.

Монгол гэрт ормогц гэрийн орой дахь гэрэл гэгээ оруулж, тэнгэр огторгуйн гайхам сайхныг тольдон харуулдаг тооно бидний харааг булаадаг. .

Хараа дээгүүр байж, Та бүхний өнөд дээдлэн шүтэж ирсэн мөнх хөх тэнгэр өөд харж байна гэдэг бол шашны сургаал номлолуудыг хүндэтгэн, уужууу бодлогоор хандана гэсэн үг юм.

Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг байх нь аргагүй юм.

Хязгааргүй үргэлжлэх тэнгэрийн хаяаг тольдон харж, анир чимээгүй дотоод амар амгаланг дэлгэрүүлэх заяатай төрсөн танай ард түмэн оюун санааны торгон мэдрэмжийг төгөлдөржүүлэн хөгжүүлж иржээ.

Та бүхнийг хүрээлэн буй байгаль орчны тоо томшгүй олон юмс үзэгдлийн ер бусын сүр жавхлан та бүхний эгэл даруу зан чанарыг төрүүлж байгаа гайхамшигтай мэдрэмж, буруугаас ангид байх чадварыг тэтгэн хөгжүүлж байгаа юм.

Энэ ташрамд би олон шударга бус явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас болж буй өнөө цагийн аюул заналууд, өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаад санаа зовниж байна

Аливаа шашин шүтлэг дотоодын хагарал бутралгүй, өөрийн оюун санааны язгуур уламжлалаа хадгалж байсан цагт эрүүл, хөгжингүй нийгмийг бүтээн байгуулахад итгэж болох дэмжлэг болдог.

Ийм нийгэмд энх тайвнаар зэрэгцэн оршиж, төрийн бодлогын алсын хараа нь бүх нийтийн сайн сайхны төлөө илүү чиглэж байхын төлөө сүсэгтнүүд хичээн зүтгэдэг билээ.

Түүнчлэн шашин шүтлэг нь ямар ч хүний нийгмийн хөгжилд ноцтой аюул занал учруулдаг авлига хээл хахуулийн далд хөнөөлийн эсрэг хамгаалагч болж байдаг.

Авлига, хээл хахууль нь бүхэл бүтэн улс орныг сүйрүүлж мэдэх хэрэглээг чухалчилсан, ёс суртахуунгүй сэтгэлгээнээс үүдсэн уршиг урхаг бөгөөд амин хувийн ашиг сонирхлоо бодож, олноос зожгирч, тэнгэр өөд харах эрхгүй болж, ах дүүгийн өргөн харилцаанаас ангижран одохын цондон болдог юм

Харин. Тэд олон янзын үзэл бодол, ахуй амьдралын туршлагыг холбон хослуулах онцгой ур чадварыг хөгжүүлж ирсэн.

Энэ  нь олон шашин зэрэгцэн орших тохиолдолд ч мөн илэрч байв. Олон янзын ариун нандин зан заншил, уламжлалд энэхүү эв эеийг сахиж, өрөөл бусдыг хүндэтгэх үзлээр хандаж ирснийг эртний нийслэл Хархорум хотод Христийн болон өөр олон шашны сүсэг мөргөлийн газар оршин байсан явдал гэрчилнэ.

Ийм  учраас, Та бүхэн оюун санааны болон шашин шүтэх эрх чөлөөнд хүрч, түүнийгээ Үндсэн хуульдаа дархалсан нь танай ард түмний хувьд жам ёсны зүйл гэлтэй.

Та бүхэн шашин шүтлэг хөгжлийг сааруулан саатуулдаг тул устгах нь зүйтэй  гэж үздэг шашингүй үзлийг цус асгаруулалгүй даван туулж, өөр өөрийн гэсэн итгэл үнэмшилтэй сүсэгтнүүд хоорондын зохистой харилцааны тулгуур ач холбогдлыг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, хүн зоны ёс суртахууны болон оюун санааны хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн билээ.

Энэ чиглэлд Монгол дахь католик шашныхан хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна. Эдүгээгээс бол өнөөдөр нийслэл хотод монгол гэрийг санагдуулам хэлбэр загвартай сүм хийдэд үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ нь монгол дахь католик шашны сүм хийд ахан дүүсийн хариуцлагатай үйл хэргийн төлөө Монголын ард иргэдтэй аж амьдрал, ажил хөдөлмөрөөрөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байдгийн илэрхийлэл юм.

Монгол дахь католик шашны сүсэгтнүүд хэдий цөөхүүлээ боловч эв нэгдэл, шашин хоорондын яриа хэлэлцээ, харилцан хүндэтгэлийн соёлыг түгээж, нийгмийн шударга ёс, энх тайван, эв найрамдлын төлөө ажиллан, улс орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж байгаад баяртай байна

Монголын католик шашинтнууд гадаад улс орноос хүрэлцэн ирсэн, эмэгтэй, эрэгтэй, сахилтан, санваартнуудын тусламж дэмжлэгтэйгээр танай орны ард түмний сайн сайхны төлөө танай орны алсыг харсан, бодит хэрэгцээ шаардлагад нийцсэн хууль ёс, дүрэм журмын ачаар хүн ёсны хийгээд оюун санааны хувь нэмрээ ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүйгээр оруулж ирсэн юм.

Үүнд бид талархаж байгаа бөгөөд цаашид ч ийм нөхцөл боломж нээлттэй байна гэдэгт итгэж байна.

Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хооронд гэрээ байгуулах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа нь католик шашны сүм хийд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Тэдний үйл ажиллагаа шашны зан үйлээс гадна боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамж, судалгаа, соёлын дэвшил зэрэг хүний цогц хөгжлийн төлөөх олон санал санаачилгад чиглэсэн байдаг.

Тэдгээр санал, санаачилга нь даруу төлөв, элэгсэг дотно, эв найртай байх Есүсийн сургаал номлолын нотолгоо болж байдаг бөгөөд тус сургаал номлол нь католик шашинтнуудын амьдрал хэмээх аялалдаа даган мөрдөж, дэлхийн бусад ард түмэнтэй зэрэгцэн алхах зам мөр болдог билээ.

Энэ айлчлалдаа зориулан сонгон авсан юм.

Эртний сурвалжит оюун санааны уламжлалыг хадгалсан, дэлхийн бараг бүх улс оронд байдаг католик сүм хийдийн институт шинжлэх ухаан, утга зохиол, урлаг, улс төр, нийгмийн амьдралын олон чиглэлээр олон улс үндэстний хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар байна.

Монголын католик шашинтнууд тэнгэрт ивээгдсэн энэ агуу газар нутагт аж төрж буй Та бүхэнтэй харилцан зөвшилцөж, хамтран ажиллаж, элбэг хангалуун, амар тайван нийгмийг цогцлоох үйл хэрэгт бодит хувь нэмрээ оруулсаар байна гэдэгт итгэлтэй байна.

“Тэнгэр шиг бай” хэмээх шүлгээрээ алдарт яруу найрагч бид бүхнийг агшин зуурын мөн чанартай орчлонгийн хүлээснээс ангижран, оюун санаа, сэтгэл зүрхээ хаяа хязгааргүй Монголын цэлмэг хөх тэнгэр шиг уужуу тэнүүн байлгахыг уриалан зоригжуулсан байдаг

Дэлхий дахин суралцах зүйл асар ихтэй танай оронд хүрэлцэн ирсэн эргэл мөргөлөөр замнагчид, зочид гийчид бид бүхэн энэхүү уриалгыг хүлээн авч, урам хайрласан үгийг нь ирээдүйн төлөөх бүх нийтийн яриа хэлцэл, энэрэл нигүүлсэл, алсын хараа зэрэгтээ бодитоор орчуулан хэрэглэхийг хүсэж байна.

Энд цохон тэмдэглэсэнчлэн, монголын нийгмийг бүрэн дүүрэн танин мэдэж, хосгүй өвөрмөц энэ ард түмний гайхам сайхан, сурвалжит мөн чанараас дэлхий дахин үргэлжид үлгэрлэн суралцаж байх болтугай.

Та бүхэн ойр тойрныхоо зовлонг амарлиулах үйл хэрэгт босоо монгол бичиг шигээ чигч тууштай байж, хүн төрөлхтөнд хүмүүний мөн чанарыг үлгэрлэн сануулж, хөрст дэлхий хэмээх нэгэн гэртээ хөх тэнгэр шиг орших болтугай.  

Баярлалаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (34)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ард
8 сарын өмнө
202.55.188.123

Төнаи улсад нөат гээч бий юу..монгол улсын эв түнжин энэ нөат гээчээс хамааралтаи болчихлоо

Зочин
8 сарын өмнө
66.181.161.94

Маш сайхан айлдвар болжээ.

Иргэн
8 сарын өмнө
139.5.217.172

Өө ёстой гоё гоё. Удирдагч хүн өөрөө ухаантай бол ухаантай албат хүрээлдэг ажээ. Туслахууд үнэхээр судалгаатай, боловсролтой хүмүүс юм. Ингэж гоёор сийрүүлэн бичиж өгч, пап өөрөө тэрийг ойлгон тунгаан уншиж байна. Суралцмаар байна шүү

Khadkhuu
8 сарын өмнө
59.153.113.93

Манай зарим алба хашиж байгаа хүмүүст анхааруулсан "Хамба ламыг Есус" гэж андуураагүй байгаасай гэдэгёгтлолын утга - энэ үг 2 хойд өмнөд туйлтай зүйрлүүлмээр дэндүү ч их зайтай бна даа. Цагийн өнгөө гэж

Зочин
8 сарын өмнө
182.217.118.24

Утга төгөлдөр айлдвар байна. Эх хэл минь ийм л үзэсгэлэнтэй

Сара
8 сарын өмнө
117.110.12.87

Урам зориг сэргээсэн ямар сайхан үгс вэ. Баярлалаа

Зочин
8 сарын өмнө
202.126.89.237

Хүндэт зочин Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Ромын Пап эрхэмийн гайхалтай сайхан буянт сэтгэлийн илэрхийлэл болсон дотно хандлагад гүнээ талархаж байна. Дэлхийн нэр хүндтэй энэ хүний хэлсэн үгс, хүсэл зориг нь хүн төрөлхтөний шүтэн бишрэх эрх чөлөө, аливаа шашнууд энхтайвнаар зэрэгцэн орших нь өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Богдын маань хүсэлтэй нийцэж буйг харуулсан гайхамшигт учрал боллоо. Монголчууд гүнээ талархаж буй за. Тавтай морилоорой.

Иргэн
8 сарын өмнө
66.181.161.166

Үнэхээр төгс төгөлдөр судалж боловсруулсан гүн гүнзгий агуулгатай яруу тансаг хэллэгтэй чин сэтгэлийн сайхан үг айлджээ Эх орон, өвөг дээдэс, монгол гэрээ бодож бахархах ч шиг Баярлалаа Танд !

Зочин
8 сарын өмнө
202.9.40.11

Тэнгэр шиг байна миний Монгол агуу хүний айлдвар омогшуулаж байна

Оогий
8 сарын өмнө
59.153.112.66

Ямар уран яруу үг хэллэг вэ. Ухаант хүний үг сэтгэл хөдөлгөм байна.

Зочин
8 сарын өмнө
202.21.107.29

Сайхан хэлжээ... Энэ ташрамд би олон шударга бус явдал хийгээд хэрэглэгчийн сэтгэлгээгээр хандаж байгаагаас болж буй өнөө цагийн аюул заналууд, өрөөл бусдыг үл хайхарч, ёс заншлыг үл тоож, хувиа хичээсэн аминч үзэлд хөтлөгдөж байгаад санаа зовниж байна

Зочин
8 сарын өмнө
66.181.183.83

Manai hun yu gesen boloo

Швэд
8 сарын өмнө
188.149.217.30

Үнахээр сайхан уран яруу хэлжээ, баярлалаа! Монгол орон минь мандан бадраг. Ард олон нь сэрж гэгээрч хайрла!

Бат-Очир Баатар
8 сарын өмнө
202.126.88.148

Ромын пап та ямар элэгсэг ухаж тунгаах бодол төрүүлэм эрхэмсэг үг хэллэг өвөрлөн ирж бидний бахархал болох нь дамжиггүй. ОРЧУУЛАГЧ хэн бэ? Тансаг монгол хэлээр онцолмоор орчуулага

Зочин
8 сарын өмнө
103.57.95.251

эх орноо улам их хайрламаар...

Зочин
8 сарын өмнө
66.181.189.57

Тэнгэр шиг цэлмэг, хүмүүнийг тэнэрийн зарлигаар тохинуулж байсан аугаа дээд эцэг дэлхийн талыг эзэлсэн их монгол улсын эзэн хаан өвөг эцэг Чингэс хаандаа мөргөж яваа гэлээ баярлалаа

Миша
8 сарын өмнө
120.17.36.145

Айлдвар агуу ихийг өгүүлж байна даа. Хүндэт зочин маань ч түүх соёлыг минь биднээс илүү гайхамшигтай сайн судалж, мэджээ. Аялчлан ирсэн зочиндоо эрүүл мэнх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө! Монголчууд бид 1-г бодож 2-г тунгааж үлдэх болтугай!

Зочин
8 сарын өмнө
66.181.189.57

Бид эзэнт улсын иргэд үр сад учир тэнгэрийн зарлигаар , ихэмсэг дээгүүр харцтай байж, их идэж ууж цаддаггүй ихээхэн авилгалгач нартай сайн тэмцэхийг уриалсан байна

Зочин
8 сарын өмнө
107.77.206.101

manai heden hulgaich iin helj uzeegui ugiig heljee

Зочин
8 сарын өмнө
139.5.218.53

Үнэхээр чинжүү бодсон айлдвар байна. Монголд суугаа төлөөллүүд сайн ажиллажээ.

Иргэн
8 сарын өмнө
139.5.218.84

Монголоороо бахархах сэтгэлийг төрүүлсэн үнэхээр сайхан үг бна.Ийм л мундаг түүхтэй, дэлхийд гайхуулах уламжлалтай тэнгэр заяат улсын маань ирээдүй сайхан байх болноо, үргэлж сайныг бодож зүтгэж тэнгэр шиг байцгааяа

Oyungerel Sanduijav
8 сарын өмнө
93.226.198.113

Эхнээс нь дуустал нь хичээнгүйлэн байж умшлаа.Дотор сэтгэлд маш ихийг ургууллаа даа.Өөрийн ойлгох хэмжээгээ чамлан байж умшив. Баярлан талархаж байна аа , энэхүү илтгэлийг олж мэдэх боломжийг олгосон бүгдэд

Зочин
8 сарын өмнө
103.212.119.237

Судалгаа, утга, агуулга сайтай, уран яруу сайхан айлдвар байна. Баярлалаа.

Sunjidmaa Purevdorj
8 сарын өмнө
202.126.88.202

Гайхалтай сайхан үгс айлджээ. Орчуулга Тансаг Монгол хэл

Номтой
8 сарын өмнө
139.5.217.66

Үнэхээр сайхан сэтгэл сэргээм айлдвар болжээ. Мөнх тэнгэр ивээг!

Tungalag
8 сарын өмнө
190.33.74.248

Gracias Padre... Un mensaje muy significado... Dios te bendiga para siempre... Bienvenido a Mongolia... Bendiciones para gente Mongolia... Amén

Иргэн
8 сарын өмнө
139.5.217.38

Сайхан үг хэлжээ. Бидний эрхэмлэж явах ариун нандин зүйлсийг минь бид нараас илүү тунгаасан бна даа.

Зочин
8 сарын өмнө
103.212.119.187

Маш сайхан үгс хэлжээ

Иргэн
8 сарын өмнө
202.126.89.145

Маш ухаалаг сайхан үг хэлжээ. Монголын амин хувиа хичээсэн бэртэгчин үзэл бодолтой хүмүүс энэ айлдварыг сайтар анхааран уншиж амьдрал, үйл хэрэгтээ тусгаж авмаар юм.

Зочин
8 сарын өмнө
139.5.219.141

Эртний Монголын ухаант алсын бодлоготой хараа холч хаад хатдаараа ард түмнээрээ бахархаж байна.Сайхан айлдвар хэлжээ баярлалаа

Enkhtaivan Agvaan
8 сарын өмнө
66.181.161.26

Гайхалтай.Тэнгэр шиг байцгаая

Монгол хүн.
8 сарын өмнө
202.126.88.123

Үнэхээр сайхан ухаан тэлсэн айлдвар бна. Монгол гэрийг ямар сайхан ойлгуулж хэлээ вэ. Хагас дутуу боддог юм бна. Хотоос зайдуу Багахангай мэт зам дагуу сайхан монгол гэрийн цогц хороолол барьчих юмсан. Бид чадна даа.

DR. ADITY
7 сарын өмнө
129.205.113.166

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

DR. ADITY
7 сарын өмнө
129.205.113.166

Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.