Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023-2024 оны хичээлийн шинэ жилд зориулсан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдэвт нээлтийн хичээлийг хүргэж байна.
Тэрбээр "Монголчууд бидний өвөг дээдэс эрт дээр үеэс оюун санаа, эрдэм ухааны эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, эрдмийг хичээлээр сурдаг хэмээн үр хүүхдүүддээ сургаж хүмүүжүүлж ирсэн. Эзэн Чингис хаан Их Монгол Улсаа цогцлоон байгуулаад, байгуулаагүй төрд баатар эр хэрэгтэй, байгуулан дуусваас багш мэргэн хүн хэмээн айлдаж, олон газрын эрдэмтэн мэргэдийг удам угсаа үл ялган урин залж, төр түмний их үйл хэргийг төвхнүүлэн засахад түшиг тулгуур болгож байсан түүхтэй.
Их хааны 1220 онд зарлиг болгон байгуулсан Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод олон шатны сүм хийд зэрэгцэн оршиж, эрдэмтэн мэргэд хуран чуулж, монгол хаадын ивээл дор мэдлэг оюунаа сорин мэтгэлцэж байсан түүхтэй юм" хэмээв.
Түүнчлэн "Эртний нүүдэлчдийн байгуулсан улс гүрний нийслэл хотууд сүндэрлэн байсан Орхон голын хөндийг ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн хороо 2004 онд хүн төрөлхтний соёлын өв болохыг хүлээн зөвшөөрч, дэлхийн өвийн жагсаалтад бүртгэж авсан билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, төрт ёсныхоо үнэт өвийг бататган бэхжүүлэх, түүх соёлоо хадгалан хамгаалах, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах зорилгоор Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлигийг 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан.
Иймд энэ удаагийн хичээлийн шинэ жилийн нээлтэд зориулан “Дэлхийн нийслэл Хархорум” сэдвээр бэлтгэсэн хичээлийг та бүхэн хүлээн авч сонирхоно уу. Бид бүхний ирээдүй болсон багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, эцэг, эхчүүд та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэндийг хүргэж, өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.
Хичээл гурван хэсгээс бүрдэж байгаа аж.
Нэгдүгээр хэсэгт нүүдэлчид хот байгуулж байсан хэмээх ойлголтыг өгөх бол хоёрдугаар хэсэгт Хархорум хотыг яагаад дэлхийн нийслэл гэж нэрлэж буй талаарх ойлголтыг өгөв. Харин сүүлийн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлөгч яагаад Хархорум хотыг сэргээн байгуулах болсон талаар танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх доктор, профессор Д.Бум-Очир, МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч У.Эрдэнэбат нар хичээл оров.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.