Иргэд мотоциклтой осолдож, гэмтэх явдал сүүлийн үед эрс ихэссэнийг ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Энэ он гарснаас хойш улсын хэмжээнд зам, тээврийн 13,104 осол бүртгэгдсэнээс 210 нь мотоциклынх байна.
Үүний 75 нь нийслэлд, 135 нь орон нутгийн замд гарчээ. Эл төрлийн ослын тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1,5 хувиар өсжээ. Ослын улмаас гэмтсэн хүмүүсийн олонх буюу 60 гаруй хувь нь орон нутгийн малчин залуус байгааг дээрх байгууллагын Урьдчилан сэргийлэх хэлтсийнхэн дурдав.
Мотоцикл бол механикжсан тээврийн хэрэгсэл. Тиймээс зөвхөн насанд хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй тохиолдолд унахыг зөвшөөрч, мөн хамгаалах малгай, хэрэгсэлтэй зорчихыг зөвлөдөг. Гэвч замын хөдөлгөөнд оролцож буй хүмүүс, ялангуяа орон нутгийн иргэд энэ талын мэдлэг, мэдээлэлгүйгээсээ болж хохирсоор буй аж. Хамгаалах малгайгүй зорчиж байхдаа осолдсоны улмаас толгой, нуруундаа хүнд гэмтэл авсан, гар, хөлөө хугалсан тохиолдол их гэнэ. Хурд хэтрүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэгэлсэн үедээ замын хөдөлшөөнд оролцох, үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд, оройн цагаар зорчих зэрэг нь ослын гол шалтгаан болдог юм байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр сүүлийн 10 жилийн хугацаанд мотоциклийн ослоор 1087 хүн амиа алдаж, 2505 иргэн гэмтжээ.
Ж.СУВД
"ӨНӨӨДӨР" сонин
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.